ОУ-ын хөрш Төв Азийн улсууд АНУ-ын стратегийн ашиг сонирхолын бүсэд багтжээ. Вашингтоны харилцаа Илсамабадтай эрс муудсан учир АНУ-ыг Афганистанд ачаа хүргэх болон буцаах зам хайхаас өөр аргагүй болголоо. Энэ үйл хэрэгт хамгийн тохиромжтой улсууд бол Казахстан, Кыргызстан, Таджикистан, Узбекистан зэрэг зөвлөлтийн хуучин БН улсууд юм.

 Төв Азийг дамжуулан Афганистанд ачаа хүргэх тухай илтгэлийг АНУ-ын Сенатын гадаад хэргийн хороо нийтлүүлсэн байна.Афганистанд явуулах ажиллагаанд тус бүс нутгийн улсуудын гүйцэтгэх стратегийн болон улс төрийн үүргийг тус илтгэлд онцлон дурдсан байна. Жишээ болгож тоо баримт дурджээ. Энэ жил ачаа тээврийн 40%-ийг Узбекистанаар үлдсэн хэсгийг Пакистанаар дамжуулан тээвэрлэсэн байна.

Сүүлийн үед Исламабад хоёр удаа ачаа дамжин өнгөрүүлэх замаа хаасан юм. НАТО-гийн нисэх хүчин пакистаны хилчдийг дайрсны дараа 11-р сард сүүлийн удаа хаасан байна. АНУ, Пакистаны харилцаа хэвийн болно гэсэн найдлага илтгэлд байгаа боловч сенад исламабадын муухай аашийн “хоригдол” болохыг хүсэхгүй байна. Байдал ийм байгаа учир төв азийн орнуудтай АНУ-ын хамтын ажиллагааг идэвхижүүлэх асуудлыг идэвхитэй боловсруулахыг илтгэлд санал болгосон байна.

Одоохондоо энэ хамтын ажиллагаа хүмүүнлэгийн хэлбэртэй байгаа тул Москвад татгалзах явдал алга гэж “Фергана” олон улсын агентлагын ерөнхий редактор Даниил Кислов тэмдэглээд «Америкийн түншүүд болон НАТО-д Афганистанд ачаа дамжин өнгөрүүлэх болон буцаахад өөрийн газар нутаг болон агаарын орон зайгаа ашиглуулахыг зөвшөөрсөн анхны улс бол ОУ юм. Мөн цэргээ гаргах үед ч туслахаар болсон юм. Маргаан үүсэх ямарч учир шалтгаан байхгүй. Харин АНУ болон НАТО өөрийнхөө хяналтад байх шинэ цэргийн объектуудыг Узбекистан, Тажикистан, Кыргызстан  улсуудын нутаг дэвсгэр дээр нээх тухай зарлах хүртэл байдал тайван байна» гэлээ.

Харамсалтай нь ийм алхам бодитой зүйл юм. АНУ-ын Конгресс энэ оны 9-р сард 2004 онд Узбекистан улсад цэргийн тусламж үзүүлэхийг хязгаарласан шийдвэрийг өөрчлөх тухай шийдвэр гаргасан ба афганы кампанит ажилд илүүдэлтэй байгаа зэвсгээс Ташкентад олгохыг санал болгосон юм. Мэдээж хэрэг үүний мөрөөр тэнд өөрийн цэргийн баазаа нээж цаашид энэ бүс нутаг манай ашиг сонирхолын нутаг гэж албан ёсоор зарлах болно. Үүнээс үүдэж юу болдогийг бид Ойрхи Дорнод, Хойд Африкийн жишээн дээр сайн мэдэж байна гэж ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн Азийн секторын эрхлэгч Андрей Грозин хэлээд «Үүний дараа ашиг сонирхолын энэ бүсэд байгаа улс орон, ард түмэнд нь хамгийн янз бүрийн асуудлууд тулгарч эхэлдэг шүү дээ. Аль нэгэн улсад өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэхдээ АНУ тус улсуудын ард түмэн, элитүүдийн саналыг огт хайхардаггүй юм» гэлээ.

Төв азийн орнуудад эдийн засгийн тусламж үзүүлснээрээ тус бүс нутгийн томоохон тоглогчид Орос, Хятад улсуудын эсрэг түшиц газар байгуулах хэрэгтэй гэдгийг сенатын комиссийн илтгэлд ил шулуун санал болгосон байна. Төв Азийг өөрийн үндэсний ашиг сонирхолын бүс гэж АНУ зарлаж байгаа нь энэ бүс нутгийн улсууд болон улс төр, эдийн засгийн шууд ашиг сонирхолтой АНД-н бүсийн бусад улсуудад таалагдах нь юу л бол гэж шинжээч Андрей Грозин тэмдэглээд: «Төв Азид өөрийн гэсэн ашиг сонирхолтой нэг ч улс орон америкийн иймэрхүү алхамтай санал нийлэхгүй. Бүгдээрээ түүнийг эсэргүүцэх болно. Энэ эсэргүүцлээ хамгийн олон янзын арга хэрэгслийг ашиглан илэрхийлэх болно» гэлээ.

ОУ-ын хувьд Төв Азийн орнуудтай харилцах харилцаа зөвхөн улс төр, бизнесийн асуудал биш юм. Орос, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан улсуудын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа ард түмнүүд нийтлэг түүхэн хувь заяатай билээ. Хаа байгаа тэр далайн чандад биш өөрийнх нь хилийн дэргэд ямар нэгэн үйл явдал өрнөхийг ОУ зүгээр л хараад сууж байж хэзээч чадахгүй.