Хууль ёсны банкаар дамжуулан зальт аргаар 30 тэрбум рубль буюу1 тэрбум орчим доллар бэлнээр нь гаргаж  хулгайлсан гэмт хэргийн бүлгийн 3 этгээдийг Москвад баривчилсан байна. ОХУ-ын ДХЯ-ны удирдах газрын хэвлэлийн албанаас РИА Новости агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Яг хэзээ баривчилснаа мэдээлээгүй байна. Москвагийн нэгэн арилжааны банкны менежер болон эрхэлсэн ажилгүй хоёр этгээдийг баривчилсан гэж мэдээлжээ. Тэд ямарч лицензгүйгээр хуулийн этгээдийн болон хувь хүмүүсийн дансанд мөнгө шилжүүлэх болон үйл ажиллагааны тооцоо хийснийхээ төлөө мөнгөн шагнал авч байсан байна. Энэ зохион байгуулалтай гэмт хэргийн бүлгийнхэн хууль бусаар үйлчлүүлэгчдэд кассны үйлчилгээ үзүүлж, инкассац болон валютын худалдаа хийж байжээ.