Пакистаны арми ба тусгай албад иргэний засаг захиргааны хяналтаас гарч байна. Ерөнхий сайд Юсуф Реза Гелани парламентад үг хэлэхдээ ийн сүржин мэдэгдэл хийжээ. Цэргийнхэн эргэлт хийх гэж байгааг тэрээр зэмлэн буруушаагаад иргэний засгийн газар эрх мэдлээ алдаж болзошгүйг анх удаа ил шууд хүлээн зөвшөөрөв. Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари эмчилгээ хийлгэхээр Арабын нэгдсэн Эмирт улсад гэнэт очсоноос хойш цэргийн эргэлтийн тухай цуу яриа 12-р сарын эхээр тархсан билээ. Харин ерөнхийлөгч өнгөрсөн даваа гаригт буцаж ирлээ. Гэвч улс орныхоо байдлыг тогтворжуулахыг оролдохгүй байна. Ерөнхийлөгч Исламабадад биш Карачи дахь гэр бүлийнхээ өргөөнд байна. Төрийн тэргүүн пүрэв гаригт нийслэлд ирсэн боловч иргэний засаг захиргаанд ноцтой аюул тулгарсныг шинжээчид анхааруулав.

Пакистанд цэргийн эргэлтээс сэргийлэн сэрэмжлэхэд тусламж үзүүлсний хариуд нягт хамтран ажиллана гэж төрийн тэргүүн АНУ-д амласан баримт бичиг гол саад тотгор болжээ. Тэгснээрээ ерөнхийлөгч улс орноо болон зэвсэгт хүчний нэр төрийг гутааж, армийн ёс суртахууныг бусниулж байна хэмээн хүчний байгууллагууд үзсэн юм. Армийн дээд командлал ба тагнуул Асиф Зардари болон засгийн газрыг эв зүйгээр огцруулах бодолтой байна гэсэн Пакистаны зэвсэгт хүчний төлөөлөгчийн мэдэгдлийг саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтлэв. Гэвч эргэлт хийж, засгийн эрхийг булаан эзлэх тухай ярихад эртдэнэ гэж Оросын шинжээч Владимир Москаленко үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Одоо цэргийнхэн засгийн эрхийг булаан эзлэж чадаагүй. Энэ нь олон улсын байдалтай холбоотой. Пакистаны байдал маш хунд түвэгтэй байна. Засгийн эрхэнд гарвал маш олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гарнизондаа сууж засгийн газарт тэртэй тэргүй их нөлөө үзүүлж байгаа цэргийнхэнд ийн дарамт хэрэггүй биз. Туунээс гадна цэргийнхэн байдлыг огт хариуцахгүй байна" гэв.

Гэвч Пакистаны засгийн газрын тэргүүн Юсуф Гилани өөр үзэл бодолтой байна. Армийн дээд командлал ба тусгай албадын удирдлага засаг захиргааг түлхэн унагаахыг шаргуу оролдож байна гэж тэрээр нэмээв. «Улс орны арми, тусгай албад өөрсдийгөө төр доторхи төр хэмээн үзэж байвал алдаж байна» гэж Пакистаны ерөнхий сайд хилэгнэн зэвүүцэж хэллээ. Гэвч Пакистанд цэргийнхний байр суурь өдрөөс өдөрт бэхжиж байна. Эвслийн сүүлчийн «тусгай ажиллагаа» гэгч дайран дээр нь давс хийв. НАТО-гийн нисэгчгүй нисдэг аппаратууд пакистаны боомтыг бөмбөгдсний улмаас олон арван хүн амь үрэгдэв. Үүний хариуд Пакистан Афганистан дахь НАТО-гийн эвслийн цэргийн хэрэгцээг хангах нутаг дэвсгэрт нь байгаа хоёр замын нэгийг хаажээ.

Өрнөдийн орнуудтай харилцаа түгшүүртэй болж, Пакистаны дотоодын улс төрийн үйл явц хурдсан явдал  бус нутгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ гэж улс төр судлаач Станислав Тарасов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Пакистаны өнөөгийн удирдлага өрнөдээс холдож, Орос Хятад хоёр улсад ойртох онцгой тактикийг сонгон авчээ. Иймээс Вашингтоны албан ёсны бүлгийнхэн Пакистаны өнөөгийн бодлогод дургуйцэж, янз бүрийн үйл явцыг өдөөж болзошгүй. Бид үүнд зүй ёсоор хандвал зохино. Бүс нутгийн тогтворгүй байдал нэлээд удаан үргэжлэх бололтой. Ийн байдлаас гарахад маш хэцүү" гэв. Өнөөгийн сайд нарын танхимын эрх мэдлийн хугацаа 2013 онд дуусах юм. Ахар богино хугацаа үлдээд байна. Гэвч цэргийнхэн удахгүй Пакистаныг удирдана гэж ерөнхий сайдын адил итгэлтэй хэлж үл болно.