ЗХУ гэдэг нэртэй нэгэн улс 20 жилийн өмнө алга болсон юм. Түүнд багтаж байсан бүх БН улсууд нь өөрийн ерөнхийлөгчтэй, засгийн газартай, өөрийн гэсэн ирээдүйн төлөвлөгөөтэй тусгаар улсууд болсон билээ. Эдгээр улсуудын төр засаг өнөөг хүртэл өөрсдийнхөө урьд өмнийн алдаа мадагыг ЗХУ-аас хайж байна. ЗХУ бол “муу муухайн эзэнт улс”, “ард түмнүүдийн шорон” байсан гэж үзэж байгаа юм. ЗХУ-ын ихэнх БН улсын эрүүлийг хамгаалах, боловсрол, эдийн засгийг өндөр түвшинд хүргэх бараг боломжгүй зүйлийг хийж чадсан гэж олон түүхчид, улс төрчид үзэж байгаа юм. Хэн нь зөв бэ?

“ЗХУ бол муу муухайн эзэнт улс” гэсэн улс төрийн хоч 1983 оны 3-р сарын 8-нд Флорида мужид төрсөн юм. Үүнийг зохиогч нь тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган юм. “Шашны эрх чөлөө ба хүйтэн дайн” гэсэн илтгэл тавихдаа Рейган коммунизм бол муу муухайн уурхай, ЗХУ бол хүнд суртлын дарангуйлагч орон юм гэж хэлсэн юм.

Харин Рейганы хэлснээс харах юм бол энэ нь улс төрийн тэмцлийн илрэл байсан бололтой гэж Улс төрийн технологийн төвийн ерөнхий захирал Алексей Макаркин тэмдэглээд: “Муу муухайн эзэнт улс” гэсэн нэр бол Рейганы өгсөн хүйтэн дайны үеийн нэр томьёо юм. ЗХУ-д хүчтэй цохилт өгч түүнийг Баруунтай хатуу ширүүн сөргөлдүүлэх хэрэгтэй гэдгийг тэр ойлгож байсан юм. Тэрээр энд үнэхээр мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн юм. Харин өнөөдөр бид ЗХУ-д үнэлэлт дүгнэлт өгөхдөө түүнийг муу муухайн эзэнт улс гэж нэрлэж болохгүй байхаа. Харин энэ улс бол  сайн, муу талтай зөрчилдөөнтэй гүрэн улс байсан юм. Энэ гүрэн улсад сталины гэмт хэрэг, хорих лагерь, Дэлхийн 2-р дайны үед ЗХУ-ын олон үндэстэн ястнуудын сая сая иргэдийн гаргасан яруу алдарт баатарлаг гавьяа, дайны дараах улс орноо сэргээн босгох хүнд хүчир ажил бүгд л байсан» гэлээ.

ЗХУ-ыг байгуулж байх үед үл гүйцэлдэх үзэл бодол зөндөө байсан. Жишээ нь энэ улсыг дэлхийн хувьсгалыг хөгжүүлэх тавцан болгохын тулд байгуулсан юм. Тухайн үед орон бүхний пролетариуд  нэгдэн нийлээд дэлхийн бөмбөрцөг нэгэн том шудрага улс болох юм шиг санагдаж байсан байх. Тэгэхлээр ийм зорилго бол үл гүйцэлдэх зүйл гэдэг нь өнөөдөр тодорхой болж байна. Тэр үед үүнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд гарах зардал, хүний амь хичнээн эрсдэх зэргийг хэн ч тооцож үзэж байгаагүй юм. Гэхдээ амьдрал болсон үл гүйцэлдэх санаа ч байгаа шүү.

Одоогоос зуун жилийн өмнө ихэнх иргэд нь ядуугийн туйл, бичиг үсэг огт мэдэхгүй, бүр бичгийн хэл ч байгаагүй дундад азийн хоцрогдсон БН улсуудад цагаан толгой, сургууль, эмнэлэг бий болж фабрик, завод барьж, тосгоныг гэрэл устай болгоно гэхэд хэн ч итгэхгүй байсан. Эцсийн эцэст энэ ард түмнүүдийн дундаас дэлхий дахинд нэр нь дуурсах эрдэмтэн мэргэд, зохиолчид, хөгжмийн зохиолчид төрөн гарсан билээ. Энэ бүхэн түүхийн асар богино хугацаанд болсон гэж боддоо. Хэдэн зуун хот тосгоноо газрын хөрснөөс арчуулж, 20 сая хүнээ алдсан хамгийн аймшигтай Дэлхийн 2-р дайны дараа гадны ямарч тусламжгүйгээр улс орноо сэргээн босгоно гэдэг бол гайхамшиг юм.

ЗХУ бол муу муухайн эзэнт гүрэн ч байгаагүй, үл гүйцэлдэх санаа бодлын орон ч байгаагүй, ер нь бол маш хэцүү улс  байсан гэж улс төр судлаач Виктор Кувальдин үзэж байна. Маш онцлог нийгэм улс төрийн систем, үзэл бодолтой улс байсан гэж хэлээд: «Мэдээж хэрэг энэ гүрэн улс их зүйлийг хийсэн. Энэ улс шинэчлэл, аж үйлдэрлэлжүүлэлтийг хийсэн, Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан, боловсрол, шинжлэх ухааныг сэргээн босгож чадсан юм. Харин эцсийн эцэст загвар нь мухардмал байдалд орсон түүнийг солих шаардлагатай болсон. Гэхдээ ЗХУ-д хийсэн бүхнийг үгүй хийх хэрэггүй байсан юм. Дэлхийн туршлагаас амьдрах чадвартай бүхнийг авч түүнд тарих хэрэгтэй байсан юм» гэв.

Тэгэхлээр ЗХУ муу муухайн эзэнт гүрэн, үл гүйцэлдэх бодол санааны жишээ байж уу үгүй юу? Аль аль нь байгаагүй л бол уу.Эцсийн хариулт өгөх цаг нь болоогүй байна.