Сирийн эрх баригчид  сөрөг хүчний хоорондын зэвсэгт сөргөөлдөөний асуудлаар НҮБ-ын АЗ-д  хийж буй хэлэлцүүлэг  Орос улсын ачаар мухардмал байдлаас гарч болзошгүй. Москва тогтоолын төслийн өөрийн хувилбарыг санал болгов. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркины мэдээлснээр цуст ажиллагааг зогсоох нь зайлшгүй чухал гэж тогтоолын төсөлд заажээ.Шинэ төсөл АЗ-ийн харилцан найр тавьсан баримт бичгийн үндэс суурь болж магадгүй хэмээн өрнөдийн орнууд үзэж байна.

Сирийн эрх баригчид ба зэвсэгт сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн бараг нэг жил үргэлжилж байна. Тус орны хэрэг явдалд хэрхэн хандах асуудлаар НҮБ-д маргаан үүсэв. Өрнөдийн орнууд сөрөг хүчнийг дэмжиж, хамгийн хатуу хувилбарыг хэрэглэхийг шаардаж байна. Мөн хувилбарын агуулга  Сирийн эсрэг олон улсын хатуу хориг тогтоож, асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэж болзошгүйд оршино. Харин Орос улс Сирийн байдлыг дипломат, улс төрийн арга замаар амгалан тайван болгохыг уриалж байна.

Одоо Москва харилцан найр тавих баримт бичгийг санаачлав. Хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас татгалзахыг баримт бичиг хоёр талд уриалж байна. Оросын тогтоолын төслийг хэлэлцэхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  мэдэгдлээ. НҮБ-д суугаа Францын байнгын төлөөлөгч Жерар Аро мөн адил үзэл санаатай байна. Харин оросын хувилбарт маш олон өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж тэрээр тодруулан хэлэв.

Орос улсын хийж буй алхам бол Сирийн байдлыг ливийн загвар гэгчээр даамжруулахаас сэрэмжлэх гэсэн оролдлого гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников хэлээд «Одоо Сирийн эргэн тойрны байдал ливийн хувилбар гэгчийг давтуулахад тулсан. Үнэн чанартаа Сирийн эрх баригчид өрнөдийн орнуудын эвсэлтэй зэвсэгт сөргөлдөөнд оролцохоос өөр аргагүй болов. Миний бодоход одоо байдлыг даамжруулахаас сэрэмжлэхийг Москва оролдож байна гэв».

Москвагийн санаачилга НҮБ-ын АЗ-д хэлэлцээний үйл явцын эцэст мухардмал байдлаас гаргана гэдэгт шинжээчид итгэж байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов хэлэхдээ «Миний бодоход энэ нь үнэхээр мухардмал байдлаас гаргах арга зам юм. Сирийн эрх баригчдыг зэмлэн буруушаасан шийдвэр АЗ-өөс гаргахыг өрнөдийн ба НАТО-гийн орнууд оролдож байгааг нийтээр мэднэ. Үнэн чанартаа эдгээр улс ливийн хувилбарыг Сирид давтуулж, тус улсыг бөмбөгдөхийг оролдож байна. Харин оросын санал хоёр талаас хүч хэрэглэх ажиллагааг буруушаах агуулгатай. Энэ саналыг батлавал Сирийн дотоод хэрэгт гаднаас зэвсэг хэрэглэж оролдохгүй. Оросын тогтоолын төсөл бол хоёр талаас хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалсан үйл хэрэг юм. Миний бодоход сөрөг хүчин уриаг тоомсорловол сирийн эрх баригчид саналыг хүлээн зөвшөөрнө» гэв.

Орос улсаас санал болгосон тогтоолын төсөлд хоригийг дурдаагүй. Хориг  ноцтой хор уршигтай болж мэднэ гэсэн Москвагийн удаа дараа мэдэгдсэн байр суурийг НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин ахин батлав.