Панам улсын дарангуйлагч асан Мануэль Норьегаг Франц улс тус улсад хүлээлгэж өглөө. Түүнийг суулгасан онгоц өнөөдөр Парисаас Панам руу ниссэн байна. Мансууруулах бодисны дамын наймаанаас олсон бохир мөнгийг “угаасан” хэргээр 77 настай Норьега францын шоронд ялаа эдэлсэн юм. Эх оронд нь түүнийг улс төрийн өрсөлдөгчдөө алсан, авилгал авсан хэргээр буруутгаад байгаа юм. Норьегаг эх орондоо ирснийх нь дараа шүүх хурал болтол түүнийг шоронд хорино гэж Панамын ГХЯ мэдээлсэн байна. Норьега нь 1983-1989 оны хооронд Панам улсын ерөнхийлөгч байсан ба АНУ цэргийн ажиллагаа явуулсны хүчинд түүнийг төр засгаас зайлуулж АНУ-д аваачсан юм. Тэнд түүнийг мансууруулах бодисны хууль бус наймаа хийсэн хэргээр шийтгэж 17 жилийн ял эдлүүлсэн юм. Дараа нь Франц улс руу шилжүүлсэн билээ.