«ЗСБНХУ олон улсын улс төрийн эрх зүй ба геополитикийн субьектын хувьд оршихоо больсон» гэж «Беловежийн хэлэлцээр» гэгдсэн баримт бичигт тэмдэглэжээ. Одоогоос 20 жилийн тэртээ 1991 оны 12-р сарын 8-нд  Белоруст Вискули өргөөнд  славяны гурван БНУ-ын удирдагч Борис Ельцин, Леонид Кравчук, Станислав Шушкевич нар баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн ТУХН-ийг үндэслэн байгуулсан тухай хэлэлцээрт өгүүлжээ.

Гүрэн улс дэлхийн газрын зургаас үгүй болсон үйл явдал  хуучин зөвлөлтийн БНУ-уудын оршин суугчид, гадаадын ажиглагчдын хувьд гэнэтийн зүйл болов. Гүрэн улс задран бутрасны шалтгааны талаар өдгөө болтол маргасаар байна.1990 оны 6-р сарын 12-ны өдөр задрал эхлэсэн гэж түүхчид үзэж байна. Мөн тэр өдөр Ардын депутатуудын их хурлаар ОХУ-ын төрийн тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг батлав. Түүнээс хойш холбооны БН Улсуудын тусгаар тогтнолын парад гэгч гурван жил үргэлжлэв. Тэр үед Бүх холбоотын хууль БН Улсынхаас  дээдлэх асуудлаар маргаан үүсгэв. Тэгээд «хуулийн дайн» гэгч эхлэсэн. Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Александр Ципко дурсан хэлэхдээ «ЗСБНХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачёвын гэм буруу үүнд оршино. Хуулийн эсрэг ажиллагаа явуулж, улс орноо бутаргаж буй Ардын депутатуудын их хурлыг тэрээр тараасангүй. Харин олон зүтгэлтэн тэгэх санал тавьсан» гэв.

Бүх нийтийн санал хураалт ЗСБНХУ-ын түүхэнд анх удаа 1991 оны 3-р сарын 17-нд болсон юм. Холбоот улсыг шинэтгэж хэвээр хадгалах асуудлаар саналаа илэрхийлэхийг холбооны БН Улсуудын иргэдэд санал болгожээ. Холбооны зургаан БН Улс бүх нийтийн санал хураалтад оролцохоос татгалзсан боловч өөр 9 БНУ-ын иргэдийн 70 гаруй хувь нь ЗСБНХУ-ыг хэвээр хадгалахын төлөө санал өгчээ.

1991 оны 8-р сарын 19-нд Горбачёвын хүрээлэгсэдийн хэсэг улс төрч Онц байдлын улсын хороог байгуулсан тухай зарлан мэдээлэв. Тэд улс орондоо онц байдал тогтоох эсвэл засгийн эрх мэдлийг дэд ерөнхийлөгч Геннадий Янаевад түр шилжүүлж өгөхийг ерөнхийлөгчээс шаардав. Энэ нь ЗСБНХУ-ыг бутаргах 2 дахь үе болсон гэж Александр Ципко цааш нь хэлээд «Онц байдлын улсын хороо бол Оросын түүхэнд болсон хамгийн бусармаг  хэрэг явдлын нэг юм. ЗСБНХУ-ыг аврахыг хүмүүс оролдсон. Үнэн чанартаа тэд  задран бутрах үйл явцыг хурдасгасан» гэв.

Хуйвалдагчид ялагдаад ЗСБНХУ-ын төв засгийг дампуурахад хүргэв. Хуйвалдаанаас хойшхи нэг сарын дотор  бүх холбооны БН Улсын удирдагчид тусгаар тогтносноо мэдэгдэгдсэн юм.

Михаил Горбачёв ЗСБНХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцросон явдал улс орныг хэвээр хадгалах асуудлаархи бүх нийтийн санал хураалтын үр дунг  учир үндэсгүй болгов. Ер нь тэрээр бүх нийтийн санал хураалтыг үндэслэн албан тушаалаа 12-р сард орхих ёсгүй байсан. Хууль ёсоор бүх нийтийн санал хураалтын үр дүн гурван БН Улсын удирдагчдын Беловежская Пущад байгуулсан хэлэлцээрээс дээгүүр байлаа.

Дарангуйлан захиргаадах Зөвлөлт холбоот улсыг төрийн шинэ байгуулал болгож хувиргах боломж байсан гэж тэр үед ЗСБНХОУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Беловежийн зөвлөлгөөнд оролцогч Геннадий Бурбулис хэлээд «Тодорхой бус аюултай байдал болон асуудлыг гүнзгий ойлгохгүй, сайтар бодож бэлтгэсэн шийдвэртэй үйл ажиллагаа шаардагдсаныг тоомсорлохгүй явдал Зөвлөлт холбоот улсыг бутаргахад хүргэсэн. 1991 оны 8-р сард зөвлөлтийн дарангуйлан захиргаадах «реакторыг» дэлбэлэсэн юм. Бид зөвхөн 12-р сард үүнийг мэдсэн. Үнэн чанартаа хөнөөлт эмх замбараагүй байдлыг давсан юм. Шийдвэр гаргах туйлдаа хүрсэн» гэв.

Евразийн өргөн уужим орон зайг эхлээд хаант Орос улс, дараа нь ЗСБНХУ болгон хувиргах интеграци бүр 500 жил үргэлжлэв. Харин хэт гүрэн улс хоёрхон жилийн дотор бутрав.1991 оны 12-р сарын 8-нд түүний нутаг дэвсгэрт ТУХН төлөвшиж эхлэсэн юм. Гэвч энэ нь өөр түүхэн үйл явдал билээ.