Арабын орнуудын лиг сирийн хэрэг гэгчийг  НҮБ-ын АЗ-д шилжүүлэхээс татгалзав. Лиг тус орны байдлыг өөрөө мэдэж зохицуулахаар шийдвэрлэжээ. Гэвч үйл явдал хамгийн муу чиглэлээр хөгжиж болзошгүй гэж улс төр судлаачид анхааруулав. Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах нь Сири улсыг бутаргах, радикал лалын хүчнийг засгийн эрхэнд гаргах хор уршигтай болж мэднэ.

Энэ оны хавар Тунис, Египет, Йемен, Ливи улсууд хувьсгалд нэрвэгдснээс хойш  Сирид сөрөг хүчин эрх баригчидтай сөргөлдөж эхлэв. Босогчдын эсрэг хүч хэрэглэсэн гэж эхлээд НАТО эвсэл  дараа нь Арабын орнуудын лигийн гишүүн улсууд Асадын дэглэмийг зэмлэсэн юм.

 АНУ ба ЕХ-оос Дамаскын эсрэг арга хэмжээ авч тухайлбал түүнд зэвсэг нийлүүлэхийг хориглов. Арабын орнуудын лиг тэдгээрийн жишээг дагав. Харин «ливийн баримт бичиг» гэгчтэй төстэй тогтоолыг НҮБ-ын АЗ-өөр батлуулах гэсэн өрнөдийн орнуудын оролдлого үр дүнд хүрсэнгүй. Орос Хятад хоёр улс хориг тавих эрхээ ашиглажээ.

Өнгөцхөн харахад Ойрхи  Дорнод, Хойд Африкт өрнөж буй үйл явцыг улс төрийн сөргөлдөөн хэмээн нэрлэж болно. Өрнөдээс өөгшүүлж буй шашны зөрчил эдгээр үйл явцын гол шалтгаан болсон гэж зарим шинжээч үзэж байна. Алавит хэмээх шиизмын нэгэн урсгалын төлөөлөгчид Сирид эрх барьж байна. Иран  бас шиит шашин шүтлэгтэй улс юм. Дашрамд хэлэхэд Дамаскын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс бас татгалзсан Ливан, Ирак хоёр улсад шиитууд нэлээд итгэлтэй байна. Гол төлөв суннит шашинтнууд оршин суудаг улс орнууд тэдгээрийг хүрээлсэн.

Шашны санал зөрөлдөөнийг ашиглах явдал бүс нутгийг бутаргах уршигтай болж мэднэ гэж Соёл иргэншлийн  түншлэлийн төвийн захирал Вениамин Попов анхааруулаад «Энэ нь маш аюултай хандлага юм. Өөр хоорондын тэмцлийг хурцатгаж байгаа этгээдүүд ялвал улс төр,газар зүйн хил хязгаарыг хянаж үзнэ. Сири хэд хэдэн улс болж хуваагдах нь  Ливан, Иордани, Ирак, Турк улсуудын байдалд нөлөөлөх юм. Үүнээс болж асах «гал түймэр» олон жилийн турш унтрахгүй. Иймээс зөрчил, санал зөрөлдөөнийг бага дээр нь арилгах хэрэгтэй» гэв.

Ливийн хэрэг явдал Сирид давтагдах аргагүй хэмээн дийлэнх олонхи шинжээч үзэж байна. Гэсэн ч Башар Асад огцрох бололтой. Сири улс бол НАТО эвслээс эсэргүүцэж буй Ираны цорын ганц холбоотон гэдэгт хэргийн учир оршино. Дамаск АНУ-ын хувьд Тегеранд орох нэг ёсны хаалга болсон юм. АНУ Сирийн дэглэмийг түлхэн унагавал Ираныг бүх талаас тойрон хүрээлэнэ.

Арабын орнуудын лиг Вашингтонтой ойлголцсон явдал үүнтэй холбоотой. Ойрхи Дорнодын бүс нутгийг Ираны нөлөөнөөс гаргах зорилго хоёр талыг нэгтгэв. Дорно дахиныг судлагч Владимир Исаев «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө «Үнэхээр Сири улс Ирантай ямагт нэлээд нягт хамтран ажиллаж ирсэн. Тус улс Ираны үр нөлөөг арабын орнуудад  ухуулан суртуулагч болсон. Энэ үйл ажиллагаа нт  Персийн булангийн орнуудын дүргүйцэлийг төрүүлэв. Тэдгээр  Тегераны нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахыг хичээсэн. Миний бодоход АНУ өнөөгийн нөхцөл байдлын хувьд завшсан» гэв.

Москва сирийн асуудлаар байр сууриа өөрчлөхгүйгээ бас дахин батллаа. Өрнөд ч Арабын орнуудын лиг ч Сирийн засгийн газарт шаардлага тулгах ёсгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн өчигдөр мэдэгдлээ. Сергей Лавровын хэлснээр бол Сирийн эрх баригчид сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийх нь мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц зам мөн.