Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал Германы Бонн хотод өнөөдөр нээгдэж байна. 2013 онд олон улсын эвслийн хүчнийг гаргасны дараа энэ улсын ирээдүйн тухай асуудлыг дэлхийн 88 орон болон 17 олон улсын байгууллагуудын  төлөөлөгчид энд хэлэлцэх юм. Бага хуралд оролцогчид мансууруулах бодисны үйлдвэрлэл болон дамын наймаатай хийх тэмцлийн арга барил, тус улсын аюулгүй байдлын хариуцлагыг афганы арми, цагдаад хүлээлгэн өгөх механизм, Афганистаны эдийн засгийн хөгжлийн асуудал, бүс нутагт байдлыг тогтворжуулахад хөрш улсуудын гүйцэтгэх үүрэг, лалын “Талибан”  хөдөлгөөний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх боломж зэрэг асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай болж байна.  ОУ-ыг ГХЯ-ны сайд Сергей Лавров төлөөлөж байна.

Афганистанаас эвслийн хүчнийг гаргах хугацаа тодорхой байна, харин гадаадын цэргийнг оролцооны тухай асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Эхний ээлжинд америкийн цэргүүдийн тухай ярьж байна. Тэд одоо тус улсад 100 мянга орчим байна гэж Дорно дахины судалгааны хүрээлэнгийн Афганистаны секторын эрхлэгч Виктор Коргун ярьж байна.

«АНУ ерөнхийдөө цэргээ гаргах сонирхолтой байгаа юм. Тэд маш их алдагдалтай байгаа.  Энэ кампанит ажил нуран унасан, тавьсан зорилгодоо цэргийн аргаар хүрч чадахгүй гэдгээ тэд хүлээн зөвшөөрч байгаа юм. Тийм учраас тэд тэндээс явна. Гэхдээ удаан 2015-2016 он хүртэл үргэлжилж мэднэ. Тэгэхдээ тэд цэргийн оролцоогоо хадгалах л болно. АНУ, Афганистан улсын хоорондох удаан хугацааны стратегийн харилцааг баримтжуулсан бөгөөд түүнийг тун удахгүй парламент батлах гэж байна» гэж Виктор Коргун хэллээ.

Тус улсад америкийн 5 бааз үлдэж магадгүй. Тэнд шууд авч гарч чадахгүй зэвсгүүдийг нөөцлөнө гэдэг нь ойлгомжтой. Алан хядах ажиллагааны аюул байсаар байна гэж Вашингтон тайлбарлаж байгаа. Шууд болон шууд бус утгаараа АНУ Иран улсыг “овоо хараандаа” байлгаж, Пакистаны цөмийн нөөцийн байдлыг хяналтдаа байлгаж чадах юм.

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн даргалаж байгаа боннын бага хурлын гол асуудал нь улс орны байлдааны бус энхийн ирээдүй байх юм. Афганистан, Пакистаны талаарх тусгай төлөөлөгчдийн олон улсын холбоо барих хуралдаан дээр боннын бага хурлын төгсгөлийн баримт бичгийн урьдчилсан хувилбарыг бэлтгэсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдээллээ.

Дэлхийн улсуудын тэргүүнүүд 2014 оноос хойш ч Афганистаныг анхаарлаасаа гаргахгүй гэдэг нь ойлгомжтой. Ард иргэд болон талибуудын хэлхээ холбоог таслан зогсоох нь хамгийн гол зорилт юм. Ажилгүйдэл газар авсан мөнгө олох өөр арга байхгүй учраас хүн амын ихэнх нь “Талибан” хөдөлгөөний бүлэгт элсэн орж байна. 2024 он хүртэл Афганистан улстай хамтран ажиллах урт хугацааны төлөвлөгөө байгаа гэж Улс төрийн учир байдлын төвийн шинжээч Евгений Войко тэмдэглээд

«Аж үйлдвэрийн үйлдвэр, нийгмийн хүрээний үйлдвэрүүдийг байгуулах тухай ярьж байгаа юм.Мөн эрүүлийг хамгаалах, боловсролын байгууллагууд байна. Оросын удирдлагууд энд бага биш үүрэг гүйцэтгэж байгаа юм. Афганистаны эдийн засагт боловсон хүчний нөөцөөр туслах болон хөрнгө оруулахад бэлэн байна гэж Москва нэг бус удаа мэдэгдээд байгаа билээ. Аюулгүй, тогтвортой байдлын асуудалд эрс өөрчлөлт гарсангүй гэдэг нь энэ 10 жилд харагдлаа. Америкийн цэргүүд тус улсын нутаг дэвсгэр дээр байгаа тэдний үйл ажиллагаанд Афганистаны хүн амын ихэнх хэсэг нь сэтгэл дундуур байгаа нь үүнд нөлөөлж байгаа юм» гэлээ.

Одоогийн байдлаар Афганистаны хүн амын ихэнх хэсэг нь мансууруулах бодисын үйлдвэрлэл, худалдаанаас л мөнгө олж байна. Афганистан улс бол опиум болон героины томоохон нийлүүлэгчийн нэг юм. НҮБ-ын сүүлчийн илтгэлд афганы героины үндсэн хэрэглэгч нь Европ тив гэж бичсэн байна. Европ тив жилд 150 тонн героин худалдаж авч байна. Жилд Ази тивийн улсуудад 120 тонн, Африк тивийн улсуудад 45 тонныг нийлүүлж байна. Энэ байдлаас зөвхөн харилцан мэдээллэж байж гарна гэдгийг Бонн хотод болж байгаа бага хуралд оролцогчид сайн ойлгож байна.