Өнөөдөр 12-р сарын 5-нд 70 жилийн ойг нь тэмдэглэж байгаа Москва хотын төлөөх агуу тулалдаан Дэлхийн 2-р дайны томоохон тулалдаануудын дунд онцгой байр эзэлдэг юм. Хоёр жилийн турш европын олон орнуудаар хөнгөн марш хийсэн гитлерийн арми манай нийслэлийн босгон дээр анхныхаа том ялагдлыг хүлээсэн билээ. Тэр үед ялагдашгүй вермахтын тухай домог дэлхий дахинд түгсэн байсан юм.

Москва орчимд фашистын зандалчдыг бут цохисон нь дайны явцад үндсэн эргэлт болсон гэж түүхийн ухааны доктор Михаил Мягков тэмдэглээд: «Германы арми Зүүн фронт дээр ч, Баруун Европт ч нэг ч тулалдаанд үзээгүй хохиролыг энд амссан юм. Москва орчимд болсон тулалдааны дараа германы дээд тушаалын хэд хэдэн генерал ЗХУ цэргийн ялагдал хүлээх нь өнгөрлөө, ийм учраас асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан байна. Тэр үед Гитлер олон генералуудыг халсан билээ. Түүний хувьд тасралтгүй том ялалтууд тасалдсан учир тэрээр боож үхэхэд бэлэн байлаа. Түүний армийг Москва орчимд зогсоосон бөгөөд түүнээс хойш бүрэн эргүүлсэн юм» гэлээ.

Армийн генерал Георгий Жуковын командласан зөвлөлтийн дайчид 12-р сарын 5,6-нд сөрөг давшилтад орж эзлэн түрэмгийлэгчдээс 11 мянга гаруй тосгон сууринг чөлөөлсөн билээ. Германы зэвсэгт хүчин 500 мянган хүн, 1300 танк, 2500 их буу, 15 мянга гаруй машин болон олон олон техникээ алдсан юм. Байрлалаасаа зугтсан 62 мянган цэрэг, офицеруудыг гитлерийн цэргийн шүүх цаазалсан билээ. Мөн армийн 35 том тушаалын дарга нарыг албан тушаалаас нь огцоруулсан юм.

Москва орчмын битүү цастай тал нутаг германын байлдааны техникийн асар том оршуулгын газар болж байлаа. Энэ бол үнэхээр үзүүштэй зүйл байсан учир түүний зургийг киноны хальсанд буулгах шийдвэр гаргаж байсан гэж  Михаил Мягков ярьж байна.“Москва орчимд германы цэргийг бут ниргэсэн нь” гэсэн нэртэй кино 1942 онд гарсан юм. Энэ киног дараа нь бага зэрэг засварлаад англи хэл дээр хөрвүүлсэн ба Америкт 1942 оны хамгийн шилдэг баримтат киногоор шалгарч “Оскар” шагнал хүртэж байсан билээ гэж Михаил Мягков хэллээ.

Энэ агуу тулалдааны 70 жилийн ойг Москвад өргөн тэмдэглэж байна. Ахмад дайчидтай уулзаж, концерт тоглож, үзэсгэлэн гаргаж байна гэж Москвагийн засаг даргын тамгийн газрын төлөөлөгч Павел Болшунов хэлээд «15 мянга орчим сайн дурынхан 12-р сарын 5-15-ны хооронд болох Сайн Санааны арав хоногийн үеэр ахмад дайчдад туслах болно. Тэд дайчдын оршуулгын газрыг янзлаж, баяр ёслолын ажиллагаанд оролцох Москвагийн агуу тулалдааны ахмад дайчдыг дагаж явах юм» гэлээ.

Одоогоос 70 жилийн өмнө маш хүнд тулалдаан болсон домогт Крюково тосгоны ойролцоо Москва орчимд оросын эртний уламжлалын дагуу дурсгалын Үнэн алдартны шашны сүм байгуулахаар шийдсэн байна. Сүмийн ханыг босгохдоо дайнд амь үрэгдсэн дайчдыг дурсан санасан бичигтэй медалиудын хэлбэртэй туйпуунуудыг өрөх болно.

Дайнаас хойш олон жилийн дараа маршал Георгий Жуков дурсахдаа: “Байлдааны үйл ажиллагаануудаас алийг нь та илүү онцолдог вэ гэж надаас асуухад би, Москвагийн төлөө тулалдаан гэж хариулдаг юм. Тулалдаанд оролцож амьд үлдэгсэдэд гүн талархал илэрхийлж байна, манай орны зүрх болсон баатар хот Москва руу дайсныг оруулалгүй үхлийг сөрөн зогсон амь насаа алдсан бүхний гэгээн дурсгалыг хүндэтгэн тэргүүнээ бөхийлгөж байна. Тэдний өмнө бид нөхөж баршгүй өртэй улс” гэж ярьж байсан юм.