Оросын парламентын сонгууль: сонгогчдын ирц
(мэдээ шинэчлэгдэж байна)

Орос улсад Төрийн думын - доод танхимын сонгууль болж байна. Тус улс цагийн  9 бүсэд оршидог тул бараг нэг  бүтэн хоног санал өгнө. Москвагийн цагаар яг 00:00  Орос улсын зүүн хэсэгт орших Сахад /Якутск/ болон Камчатка, Чукоткад сонгуулийн хэсгүүд   нээгдэв.  Хамгийн сүүлд Оросын   баруун хэсгийн Калиниградын мужийн иргэд саналаа өгнө.

Орос улсын энэ жилийн улс-төрийн амьдралын  хамгийн шийдвэрлэх мөч ирлээ. Төрийн думын суудлын төлөө тэмцэл дуусч байна. Сонгуульд  оролцох эрхтэй  Оросын нэг зуу гаруй  сая иргэд   улс-төрийн долоон намын төлөөлөгчдөөс 450 депутатыг сонгох юм. Орос даяар 96 мянган сонгуулийн хэсэг дээр болон дэлхийн 146 орны Элчин сайдын яам,Консулын газруудад санал хураалт явагдаж байна.Санал хураалт  сансарт бас  боллоо.

Олон улсын сансрын станц дээр ажиллаж байгаа  оросын иргэд Антон Шкаплеров, Анатолий Иванишин нар итгэмжлэгдсэн хүнээрээ дамжуулан саналаа өглөө. Үүний тулд сансрын нислэгийг удирдах төвөөс тусгай холбоог зохион байгуулав.

Энэ кампанит ажлын  сонирхолтой шинэлэг зүйл бол 50 нэр заасан сонгуулийн хэсгийг түүхэн нэртэй хүмүүсийн нэрээр нэрлэсэн явдал юм. Жишээ нь: Калининградад гүн ухаантан  Иммануил Кантын нэртэй сонгуулийн хэсэгт депутатуудад санал өгч болно гэж  Сонгуулийн Төв комиссийн /СТК/ дэд тэргүүн Леонид Ивлев тэмдэглээд «Оросын түүхэн тэмдэглэлт үйл явдлууд болсон   бүс  нутаг, хот бүрд, нэр нь түүхэнд мөнхөрсөн хүмүүс амьдарч байсан. Үүнтэй холбогдон сонгуулийн хэсгүүдийг нэрлэх санаа төрсөн юм. Жишээ нь, Тула хотын орчимд Ясная Поляна тосгоны сонгуулийн хэсгийг  суут зохиолч Лев Толстойн нэрээр нэрлэсэн юм. Энэ нь миний бодлоор сонгогчдод эерэгээр нөлөөлөх байх» гэлээ.

Оросын парламентын түүхэнд Төрийн думын 6 дахь удаагийн сонгууль нь эргэлзээгүй  орно гэдэгт Сонгуулийн Төв комисс итгэлтэй байна.  Хорин жилийн хугацаанд анх удаагаа Орос улсад бүртгэгдсэн бүх улс төрийн  намууд оролцож байна. Үүнд: парламентын “Нэгдсэн Орос улс”, “Орос улсын Коммунист нам”, “Оросын Либерал-Ардчилсан нам”  болон доод танхимд суудалгүй “Яблоко”, “Зөв үйл хэрэг”, “Оросын эх орончид” намууд орж байна. Чадвартай парламентын бүлэг байгуулахын тулд долоон хувийн босгыг давах ёстой юм. Төрийн думын бүрэн эрхийн хугацаа таван жил.

ТУХН, ЕАБХА, ЕЗПА, ЕХ, ШХАБ, Хойд Зөвлөлийн олон тооны гадаадын  ажиглагчид  сонгуулийн явцыг ажиглана. Түүнчлэн дэлхийн 20 гаруй орны СТК-ийн тэргүүн нар уригдасан юм. Нийт гадаадын 700,  оросын хагас сая  ажиглагчид оролцоно. Оросд байгаа гадаадын ажиглагчид нь үндэснийхтэй  нэгэн адил эрхтэй байна гэж СТК-ийн  гишүүн Майя Гришина онцлон тэмдэглээд «Ажиглагчид нь сонгуулийн хэсгүүд дээр сонгууль хэрхэн зохион явагдаж байгаа тухай сонирхож болно. Тэд сонгуулийн ажиллагаанд  хөндлөнгөөс оролцох,  ямар нэгэн үнэлэлт дүгнэлтийг санал хураалт дуустал өгөх эрхгүй юм» гэлээ.

Хуурамч бичиг баримт ашиглах явдлыг доод хэмжээгээр бууруулахын тулд хэдэн мянган сонгуулийн хэсэгт саналын хуудас боловсруулах цахим цогцолборуудыг суурилуулсан. Түүнчлэн, саналын хуудсыг тээвэрлэхэд зориулан хиймэл дагуулаас зүг чиг байрлалыг мэдээлэх    оросын сансрын ГЛОНАСС системийг ашигласан юм. Харин сонгуулийн явцад гарч болзошгүй зөрчилтэй холбоотой мэдээллийг иргэдээсэй түргэн шуурхай авахын тулд холбооны  “Халуун шугамууд” нээсэн юм.

Сонгуулийн санал хураалтын  явцын тухай баримт мэдээлэл нь бодит цагийн дэглэмээр Москва хотын СТК-д ирж байна. Энд хэдэн зуун шинжээч, олон улсын ажиглагч нар болон намуудын төлөөллүүд байна. Сонгууль нь ХМХ- ийн сонирхолыг ихэд татсан төдийгүй Орос даяар   хоёр мянган сэтгүүлч, гадаадын 30 гаруй орны сэтгүүлчид  итгэмжлэл авчээ.  Сонгуулийн санал хураалт Москвагийн цагаар  21 цагт өндөрлөнө. СТК -ийн тэргүүн  Владимир Чуров сонгуулийн анхны албан ёсны мэдээг нийтэд  зарлана.