Улсын думын сонгууль эхлэх хүртэл хоёрхон өдөр үлдээд байна. ОХУ-ын eрөнхийлөгч, eренхий сайд Дмитрий Медведев, Владимир Путин нар Москвад өөрсдийн «Нэгдсэн Орос улс» намын идэвхтнүүдтэй уулзав.Энэ нь ням гаригийн санал хураалтын өмнөх сүүлчийн уулзалт билээ. Ерөнхийлөгч эрх баригч намын холбооны нэрсийн жагсаалтыг тэргүүлж, засгийн газрын тэргүүн намын удирдагч байгааг дурдая. Улс төрийн идэвхжил сонгуультой холбогдон дээд цэгт хүрсэн хийгээд улс төрийн томоохон хэд хэдэн хүчний удирдагчид сонгуульд ялвал баримтлах тэргүүний чиг шугамаа бас дахин мэдээллээ.

Дмитрий Медведевийн хэлснээр бол шинэтгэл терийн бодлогын урьтал чиглэл хэвээр байх болно. Энэ ойлголт өөр нь ямар ач холбогдолтой байгааг ерөнхийлөгч  хөндөн хэлэхдээ «Шинэтгэл сэтгэл санааны байдалтай холбоотой. Аж амьдрал өөрчлөгдөх ёстойг мэдрэвэл юм бүхэн бүтнэ. Ард түмэн маань бидэнд эрх мэдэл олговол шинэтгэл дээр цаашид ажиллана» гэв.

Улс оронд гарч байгаа өөрчлөлт иж бүрэн шинжтэй хийгээд үнэн чанартаа шинэтгэл бол эрх баригч намын төрийн бодлого мөн гэж Владимир Путин онцлов. Сонгуульд ялвал шинэтгэл цаашид үргэлжлэнэ гэж ерөнхий сайд хэлээд «Энэ нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон засгийн газрын үйл ажиллагаанд хамаатай. Сонгогчид «Нэгдсэн ОУ» намд санал өгч, ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн намайг дэмжвэл Дмитрий Анатольевич засгийн газрыг тэргүүлнэ. Бид аж амьдралаа өөр чиг хандлагад шилжүүлэх ёстой. Эдийн засгийн тухайд гэвэл нефть, байгалийн хийгээс шалтгаалахаа больж, хөгжлийн инновацийн загварт шилжих хэрэгтэй. Энэ зорилгоор ШУ, боловсролыг хөгжүүлвэл зохино. Инноваци, шинэтгэлийн үзэл санаа нийгэмд нэвт шингэж, улс орны хөгжлийн шинэ үе болох ёстой» гэв.

«Нэгдсэн Орос улс»-тай өрсөлдөж буй томоохон намуудын удирдагчид бүс нутгууд ба нийслэл хотод ухуулгын ажиллагаагаа бас идэвхжүүлэв. Тухайлбал «Шудрага Орос улс» намын тэргүүн Сергей Миронов  сонгуулийн өмнөх аялалынхаа хүрээнд энэ долоо хоногт Омск хотод очиж, нэгэн их сургуулийн оюутан, багш нартай уулзав.

ОХУ-ын КН-ын дарга Геннадий Зюганов Самарт хүрэлцэн очиж, мужийн засаг дарга Владимир Артяковтай уулзаж, Владимир Лениний гэр-музейд очлоо. Либерал-ардчилсан намын удирдагч Владимр Жириновский Москвад суртчилгаагаа үргэлжлүүлэв.

12-р сарын 2-ны өдөр бол сонгуулийн өмнөх өрсөлдөөнд ороллцож буй  намууд улс төрийн ухуулга явуулах сүүлчийн өдөр билээ. Маргааш бямба гаригт «нам гүм өдөр» гэгчийг зарлах хийгээд ням гаригт бүх ард түмний санал хураалт оросын ирээдүйн парламентын бүрэлдэхүүн, бүтцийг тодорхойлох юм.