ЕХ-ны орнуудын нисэх онгоцны компаниуд  Сибирийн дээгүүр нислэг хийхдээ татвар төлөхгүй гэж ЕХ-ны зөвлөл мэдээлэв. Энэ нь хоёр талд ашигтай хэмээн шинжээчид үзэж байна. Нисэх хүчний тээвэрлэгчид их хэмжээний хөрөнгө хэмнэх хийгээд Орос улс навигацийн хураамжаар хөрөнгө олж, аялал жуулчлалаа хөгжүүлнэ.

Орос улс ба ЕХ ийн татварыг хүчингүй болгох тухай хэлэлцээр бүр 2006 онд байгуулсан билээ. Мөн Орос улсыг Дэлхийн худалдааны байгууллагад нэгтгэх протоколд тэр үед гарын үсэг зурсан юм. Орос улсаас сибирийн татвар гэгчийг хүчингүй болгосноороо ирээдүйн түншүүддээ найр тавьсан. Эдүгээ ОХУ-ыг ДХБ-д элсүүлтэл хэдхэн долоо хоног үлдсэн тул тус тохиролцоог санажээ. Бүр 2012 оны 1-р сард татварыг хэсэгчлэн хүчингүй болгоно. Мөн үеэс сибирийн татвар гэгчийг шинэ бүх чиглэлд ногдуулахгүй. Харин 2014 онд бүрмөсөн хүчингүй болгох юм.

Европын орнуудад тун ашигтай хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь  ДХБ-ын хүрээнд Орос улстай  амжилттай хамтран ажиллах нэг ёсны баталгаа болно гэж «АТОН» хөрөнгө оруулалтын компанийн шинжээч Никита Мельников үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Дэлхийн практик ажиллагааг авч үзвэл ийн хураамж онцгой зүйл юм. Аль хэдийнэ тогтоосон татвар одоо эдийн засгийн учир агуулгаа бараг алдсан байна. Европын компаниуд жилд 300-400 сая доллар төлөж байгаа болохоор түүнийг эсэргүүцэж байна. Асуудлын шийдвэр тэдгээрийг баярлуулсан. Гэвч ОХУ-ыг ДХБ-д элсүүлэх үйл ажиллагаа сунжирсан учир шийдвэрийг биелүүлсэнгүй. Одоо мөн асуудал ахин тавигдсан» гэв.

Гадаадын компаниуд хураамжийг болиулснаар төдийгүй түлш хэмнэж ашиг олно. Европын орнуудаас бас ийн найр тавина гэж Орос улс найдаж байгааг Никита Мельников тэмдэглээд «Энэ чиг зам улам их сонирхол татах бололтой. Энэ чиглэлээр нислэг хийснээрээ түлш, цаг хэмнэж болно. Одоо керосин их үнэтэй. Иймээс нэлээд их хэмжээний хөрөнгө хэмнэх боломж бий. Навигацийн хураамжийг нөхөх төлбөрийн хувьд оросын төсөвт шимэтгэх нь олон улсын практик ажиллагаанд нийцэж байна. Оросын компаниудын хувьд ДХБ-д элсэх явдал зардлаа хорогдуулах хэрэг болно. Хэт өндөр импортын хураамж, түлшний зардал нэлээд багасана» гэв.

Татварыг хүчингүй болгосны дараа Сибирийг дамжин нисэх компаниудын онгоцны тоо тэр даруй эрс нэмэгдэхгүй. Хэтдээ нэмэгдэнэ гэж «Финам-менежмент» компанийн тэргүүлэх шинжээч Дмитрий Баранов мэдэгдээд «Бид нэгэнт нэмэлт хөрөнгө олох бодолтой байвал нисэх онгоцны буудлуудаа дээд зэргийн чанартай болгох ёстой. Тэгсэн цагт манай хотууд руу хийх нислэг улмаар аялагчдын тоо нэмэгдэнэ. Мөн зорилтыг нэг бус удаа тавьсан юм. Тэгснээр дээрх татварыг хүчингүй болгож алдах хөрөнгөө нөхөх юм. Алмайран гар хумихан суулгүй  тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгсэн цагт гадаадын нисэх онгоцны компанийн онгоцууд манай нутаг дэвсгэрийг дамжин нисэх төдийгүй түр буун зогсож,шатахуун нэмж хийнэ» гэв.

Сибирийн дээгүүр нислэг хийхэд ногдуулах татварыг хүчингүй болгосныг Ази ч сайшаан дэмжив. Сибирийг дамжин нисэх илүү дөт шинэ замыг нээвэл билетийн үнэ хэсэгчлэн хямдрана .Тэгснээр Европээс ирэх зорчигдын тоо нэмэгдэнэ гэж Хятад, Вьетнам, Малайзи улсуудын засгийн газар, нисэх онгоцны компаниуд найдаж байна.