Ирэх оны 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Владимирг Путин нэр дэвших боллоо. Москва хотод болсон Бүх оросын “Нэгдсэн ОУ” улс төрийн намын Их хурлын хоёрдох шатны төлөөлөгчид ийм шийдвэр гаргасан байна. Энэ их хурлын ажилд ОУ-ын бүх нутгаас ирсэн 11 мянган төлөөлөгчид оролцсон байна.

    Хэрвээ В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм бол Д. Медведев засгийн газрыг тэргүүлэхийг зөвшөөрсөн ба 12-р сарын 4-нд болох сонгуульд оролцох хүмүүсийн “Нэгдсэн ОУ” намын нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн юм. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев их хурлын зочид төлөөлөгчидөд хандаж хэлэхдээ Владимир Путиныг ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа нь улс орон ирээдүйд чиглэсэн чиг баримжаагаа хадгалаж түүгээрээ замнана гэдгийг батлаж  байна гээд: «Бид улс төрийн стратегээ богино хугацаанд биш урт хугацааны ирээдүйдээ зориулан тодорхойлож байна. Бид ямар зорилготой вэ гэдгээ ч шууд мэдэгдэж байгаа. Бидэнд ард түмэн л үнэлгээ өгөх эрхтэй, улс төрчдөөс хэнд нь илүү итгэл хүлээлгэж болохыг сонгогчид өөрсдөө шийдэх ёстой. Харин улс төрчид манай орны бүх иргэдэд хандаж дэмжлэг хүсэх бүрэн эрхтэй» гэж хэллээ.

   Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн гол хэсгийг дэлхийн болон оросын эдийн засгийн байдал эзэллээ. Юуны түрүүнд энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын хор уршиг байлаа. «Дэлхийн эдийн засгийн хямралын хор уршиг бол үнэхээр аймшигтай зүйл. Манай улс тогтвортой бодлогыг барьж байна. Олон улсын янз бүрийн форум дээр бусад улсуудын тэргүүнүүдтэй уулзаж байхад энэ нь мэдрэгдэж байдаг юм гэдгийг та бүхэнд хэлэх байна. Хямралын эхний давалгааг бид даван туулж чадсан. Хэрвээ шаардлагатай болбол хоёр дахь давалгааг даван туулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бид ажлын байрыг хадгалаж чадлаа, ажилгүйдлийн хэмжээг хямралаас өмнөх үед хүргэж чадлаа. Мөнгөний ханшны уналт энэ жил 1989 оноос хойшх хамгийн бага хэмжээнд байна» гэж Дмитрий Медведев хэллээ.

  Ойрын үед улс орныг төр засгийг шинэчлэх  нэгдсэн арга хэмжээ хүлээж байна гэж Владимир Путин өөрийн зүгээс мэдэгдээд: «ОУ-ыг сэргээх маш чухал үе шат болж өнгөрлөө. Улс орны тогтвортой, бат бэх хөгжлийн суурь тавигдлаа. Энэ суурь дээр хүчирхэг, баян, элбэг дэлбэг Орос орныг байгуулах нь бидний одоогийн зорилт юм. Орос орноо 21-р зуун өөд урагшлуулья» гэлээ.

  В.Путин ОУ-ын гадаад бодлогын онцлог байдлыг дурдаад, аливаа сорилтын эсрэг хамтран тэмцэхийг түншүүддээ уриаллаа. «Бүх улс орнуудтай, бүх найз нөхөдтэйгээ ярилцах болон түншлэхэд бид нээлттэй байна. Харин ОУ яриа хэлэлцээг адилхан түвшинд л хийх болно. Хэн нэгэн бидэнд ямар нэг загварыг тулган шаардах юм уу, бид яаж биеэ авч явах ёстойг сургахыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.ОУ бол найдвартай, урьдчилан харж болохуйц түнш гэдгийг манай гадаадын түншүүд ойлгох ёстой, түүнтэй тохиролцож ч болно, тохиролцох ч шаардлагатай. ОУ-д юуг ч гаднаас тулган шаардаж болохгүй» гэж В.Путин хэллээ.

  Ард иргэдийн шаардлагад нийцэж байгаа гэж В.Путин ойлгож байгаа Евразийн холбооны тухай бас ярилаа. Ирээдүйн ажлын тухай ярихын тулд Орос орны хөгжлийн өнөөгийн шатанд юу хийх шаардлагатай вэ гэдгийг маш тодорхой ойлгох ёстой юм.