Арабын ертөнцийн бас нэг тэргүүн Йемен улсын ерөнхийлөгч огцорлоо. Каирын Тахрир талбай шинэ ерөнхий сайдаа хүлээн авч байна. Арабын улсуудын Лиг, Сири улсад урьд хожид үзэгдээгүй даралт шахалт үзүүлж байна. Ливи улсын хувьсгалчид Каддафигийн талынхныг болон Хар Африкаас гаралтай хүмүүсийг дур мэдэн шүүж байна. Эдгээр нь "арабын хаврын" өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын гол дүр зураг байлаа.

   Йемен улсын ерөнхийлөгч Али Абдалла Салех тус улсыг 33 жил тэргүүлсэн юм. Сүүлийн хэдэн сар сөрөг хүчнийхэн тэмцэл явуулсны хүчинд түүнийг огцруулж чадлаа. Түүнийг төрийн эрхээс зайлуулж, тус улсыг дотоод улс төрийн хямралаас гаргах ёстой Персийн булангийн Арабын улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн төлөвлөгөөнд тэр өнгөрч буй долоо хоногт гарын үсэг зурлаа. Төр засаг болон сөрөг хүчнийхэн харилцан буулт хийсэн явдалд Москва баяр хүргэлээ.

   Йемений ерөнхийлөгч сайн дураараа огцорсон явдлыг ажиглагчид зохих ёсоор үнэлэж байна. Үүний хамт "арабын хаврын" бусад "баатруудын" эмгэнэлт төгсгөлийг тэд сануулж байна. Тунисын ерөнхийлөгч Зин аль-Абидин бен Али 15,5 жилээр шоронд хоригдлоо. Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак тахир дутуугийн тэрэгтэй шүүх хуралд сууж байна. Ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафиг бүр алж хороосон билээ. Йемен улсын ерөнхийлөгч тайван замаар суудлаасаа огцорсон нь тус улсад амгалан тайван байдлын баталгаа болж чадахгүй гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судалгааны хүрээлэнгийн захирал Виталий Наумкин үзэж байна. «Тэрээр бусад улсуудын тэргүүнүүдийн туршлагаас санаа авсан гэж би хэлж чадахгүй. Тэр сайн дураараа, энх тайвнаар зөөлөн байдлаар огцорч байна гэж бас хэлж болохгүй юм. Энэ бүхний цаана цуст ажиллагаа байсан. Тэрээр маш их үнэ цэнээр огцорч байгаа. Одоо сөрөг хүчнийхэн болон  Салехын талынхны хооронд төрийн эрхийн төлөө тэмцэл эхлэх болно. Йемен улсад омог хоорондын сөргөлдөөн байнга хүчтэй байсан. Ийм учраас бүрмөсөн эвлэртэл хол байна» гэж Виталий Наумкин хэллээ.

   Мөн Египет улсад байдал тогтворжтол бас л зай байна. Каир болон бусад хотуудад жагсагчдыг шинэ ерөнхий сайд Камаль аль-Газнури тайвшруулна гэж олонх ажиглагчид үзэж байсан юм. Гэтэл баасан гаригт Тахрир талбайд жагсагчид түүний нэрийг дэвшүүлэхийг эсэргүүцлээ. МАГАТЭ-гийн тэргүүн асан Мохаммед аль-Барадейг сайд нарийн шинэ танхимын тэргүүнээр тавихыг тэд шаардаж байна. Арми бүх эрхээ иргэний засаглалд шилжүүлж "хуарандаа очихыг" жагсагчид шаардаж байна. Даваа гаригт энэ сөргөлдөөн улам ширүүсэх бололтой, учир нь парламентын сонгууль эхлэх юм.

   Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах сөрөг хүчний ажиллагаа Сири улсад үргэлжилсээр байна. Дамаск, Алеппо, Латакии болон бусад хотуудын түүний талынхан Арабын улсуудын Лигийн Сири улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар заналхийлж байгааг эсэргүүцэж байна. Арабын орнуудын Лигийн энэ алхам нь тус улсын эрх баригч "БААС" намтай санал зөрөлдөж байгаатай холбоотой гэж ОШУА-ийн Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургуулийн шинжээч Андрей Володин тэмдэглээд «Саудын Арав, Катар болон бусад нефтийн хаант улсууд энд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Нефтийн хаанчлалаас ангид сирийн дэглэм болон "БААС" намтай тэд үзэл сурталын дайсагналтай юм. "Арабын хавраас" болж байр суурь нь хүчтэй болж байгаа Иран улсаас тэд эмээж байгаа юм» гэлээ.

  Энэ долоо хоногт ливи маягын хувьсгалт шүүхийн үнэн байдал олонд мэдэгдлээ. Босогчид 7000 орчим хүнийг хууль бусаар хорьж байна. Тэдний ихэнх нь Муаммар Каддафигийн талынхан болон Хар Африкаас гаралтай хүмүүс байгаа юм. Хоригдогсдыг ямарч мөрдөн байцаалт, шүүхгүйгээр хорьж байгаа ба тарчлаан зовоож тамлан эрүүдэж байна. Түүнээс гадна шоронг эрх баригчид биш омогын удирдагчид захирч байна. Босогчид хоригдогсдыг бүр цаазлаж байна гэсэн мэдээг хүний эрх хамгаалагчид олж мэдсэн байна.

   Хэрвээ нефтийн секторт ажилласан туршлагатай буюу Каддафийн талыг баримтласан гэсэн мэдээ байхад л буудуулагчдын жагсаалтад ордог байна. Ливийн тэргүүний хүү Сейфульислам Каддафийг шүүх ажиллагаанд дэлхийн хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулаад байна. Сөрөг хүчний төлөөлөгчид түүнийг хоёрхон сарын дотор шүүх ёстой гэнэ. Энэ шийдвэрт хэн нэгэн этгээд саад болох нь юу л бол доо. Ливи улсын шинэ хууль зүй, шүүх ажиллагаанд саад болохгүй гэж Олон улсын Эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор Луис Морено-Окампо мэдэгдсэн байна.