Пентагоны төсвөө хорогдуулсан ч АНУ цэргээ Ази Номхон далайн бүс нутагт нэмэгдүүлж байна. Тэгснээрээ Вашингтон бүс нутагт Бээжингийн цэрэг-улс төрийн улам өргөжиж буй нөлөөг тогтоон барихыг эрмэлзэж байна хэмээн шинжээчид үзсэн юм. Америк-австралийн хэлэлцээрийн дагуу 2012 онд АНУ цэргээ австралийн хойд Дарвин хотноо байрлуулна. Энэ нь урьд өмнө үзэгдээгүй шийдвэр гэж ажиглагчид дүгнэв. АНУ вьетнамын дайнаас хойш анх удаа ийн олон цэргээ Ази Номхон далайн бүс нутагт байрлуулахаар төлөвлөсөн юм. АНУ-ын 2500 орчим тэнгисийн явган цэргийг  Австралид байнгын үндсэн дээр байрлуулна. Эдгээр цэргийг байрлуулснаар Ази Номхон далайн бүс нутагт  аюул сорилтын хариуд шуурхай арга хэмжээ авч, аврах, хүмүүнлэгийн ажилллагааг үр ашигтай болгоно гэж америкийн цэрэг-улс төрийн удирдлага үзэж байна.

   Мэдээжээр үүнд хүмүүнлэгийн биш цэргийн л  санаа бодол эн түрүүнд гарсан.Америкийн цэргийн албан хаагчдыг Дарвинд байрлуулж, АНУ-ын Тэнгисийн цэргийн  хүчний хөлөг онгоцуудыг боомтод нь байнга оруулах явдал тус хотыг Номхон далайн өргөн уужим усан цээлд хяналт  тавих чухал хөшүүрэг болгон хувиргаж байна. Түүнээс гадна АНУ-ын цэргийн нисэх хүчин холбоотныхоо цэргийн нисэх онгоцны буудлыг чөлөөтэй хэрэглэнэ. Үнэн чанартаа америкийн зэвсэгт хүчнийг бүс нутагт шуурхай байрлуулах шинэ төвийг байгуулж байна.

   Цагаан ордны тэргүүн Австралийн парламентад үг хэлэхдээ АНУ бүс нутгийн ирээдүйг тодорхойлох Номхон далайн хүчний хувьд энд ирж үлдэхийг онцлов.Иймэрхүү уг яриа болон Барак Обамагийн сүүлчийн шийдвэр АНУ дэлхийд ба бүс нутагт зонхилохын төлөө Хятад улстай ширүүн өрсөлдөж байгааг тусган харуулж байна гэж Геополитикийн академийн ерөнхийлөгч  хурандаа генерал Леонид Ивашов хэлээд «Дэлхий дахин олон туйлт болоосой гэж Хятад улс албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Ази тивийг ганц туйлт болгож, Ази Номхон далайн бүс нутгийг ивээлдээ авахыг Хятад оролдож байна. Харин америкийн тал санхүүгийн систем, цэргийн хүчээрээ өөрөө зонхилж дэлхий дахиныг ганц туйлт, Ази тивийг олон туйлт болгохыг хичээж байна. БНХАУ-ын сур хүчийг сулруулах, Ази тивийг тэргүүлж зонхилох гэсэн хятадын эрмэлзлийг няцааж чадах улс, хүчин байх ёстой хэмээн АНУ үзэж байна» гэв.

    Хятад улс америк-австралийн цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төлөвлөгүүнд дүргүйцэж, бүс нутгийн талаархи АНУ-ын бодлого Бээжинг тогтоон барихад чиглэгдсэн гэж үзэж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь Вашингтон Канберрагийн хоорондын  тохиролцоог тайлбарлахдаа  «цэргийн эвслийг өргөжүүлж бэхжүүлэх нь цаг үеийн шаардлага болон бус нутгийн орнуудын ба дэлхийн хамтын нийгэмлэгийн найдварт нийцэх эсэх асуудлыг эргэцүүлэн бодвол зохино» гэжээ. Гэвч Лю Вэйминь маргааш нь мөн асуудлаар нэлээд зөөлөн өнгө аястай үг хэлжээ. «Янз бүрийн орны хоорондын харилцааг хэвийн хөгжүүлэхийг хятадын талаас  эсэргүүцэхгүй» гэж тэрээр онцлов.

   БНХАУ, АНУ хоёр бүс нутагт  хариуцлагаа хуваах асуудлаар тохиролцож чадахгүй бололтой. Хятад улс АНУ-тай шууд сөргөлдөхөөс зайлсхийхийн хамт хүчээ зузаатгаж цаг хожих төлөвлөгөөтэй байх бололтой. Тус улс юуны түрүүнд нисэх онгоц тээгч,шумбагч флот түүнчлэн стратегийн нисэх хүчээ хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ нь АНУ-аас Ази Номхон далайн бүс нутагт  цэргээ нэмэгдүүлж байгаа нөхцөлд итгэлтэй байр суурь баримтлах боломж Хятадад олгож байна.