Гадаад хэргийн сайд Сергей Лавров 11-р сарын 19-нд Индонезийн Бали аралд болох Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн 6 дахь дээд хэмжээний уулзалтад оролцоно. Орос улсыг АНУ-тай хамт Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгох шийдвэр өнгөрсөн онд гаргасан билээ. 2005 онд Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны санаачилгаар Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн механизмыг байгуулжээ. Эдүгээ тус Холбооны гишүүн 10 орон болон  ОХУ, АНУ, БНХАУ, Япон, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланди, БН Солонгос улс  зэрэг улс түүнд нэгдсэн байна.

   Орос улс Зүүн Азийн  хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад бүрэн эрхтэй оролцоход бэлэн байгаагаа тод илэрхийлсэн ч хэд хэдэн жил ажиглагчаар оролцож байв. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны олонхи  гишүүн юуны түрүүнд Малайзи улс Оросыг Зүүн Азийн хамтын нийгэмлэгт элсүүлэх саналыг дэмжсэн юм. Гэвч зарим нь тэгэхийг сонирхохгүй байсан. Австрали Оросын эсрэг хүчнийг манлайлав. ОХУ-ыг Зүүн Азийн хамтын нийгэмлэгт нэгдүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж мэднэ гэж тус улс үзсэн билээ.

   Индонези ч мен адил санаа бодолтой байв. Энэ нь эдгээр хоёр улс Ази Номхон далайн орнуудад түүхий эд, эрчим хүчний нүүц юуны түрүүнд өтгөрүүлсэн хий нийлүүлэх салбарт Орос улстай өрсөлдөж байгаатай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Түүнээс гадна АНУ Зүүн Азийн хамтын нийгэмлэгт нэгдээгүй учир Австралийн сөрөг хүчин Оросыг элсүүлэх саналыг эсэргүүцсэн  гэж зарим мэргэжилтэн үзэж байна.

    Гэсэн ч ОХУ АНУ хоёрыг оролцуулалгүй Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн нэр хүндийг бэхжүүлж болохгүй болсон. Эдгээр хоёр улсыг Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцуулснаар дэлхийн ба бүс нутгийн төслүүдийг хэрэгжүүлэх таатай уур амьсгал бүрэлднэ гэж ажиглагчид тэмдэглэжээ. Энэ агуулгаар Орос, Хятад, АНУ гурав хамтран ажиллах боломжийн тухай өгүүлж болно. Санхүү, эрчим хүч, онцгой арга хэмжээ, эрүүл мэнд, боловсрол Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн практик хамтын ажиллагааны үндсэн чиглэл болов. Эдгээр гурван улс Зүүн – өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн 10 улс ба бүс нутгийн бусад оронтой аль хэдийнэ амжилттай хамтран ажиллаж байгаа учраас эдийн засгийн бүх төслийг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах боломжтой байна.

   Гэвч талууд ялангуяа бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар зөвшөлцөх зорилгоор багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж  Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «АНУ хүйтэн дайны үеэс үлдсэн аюулгүй байдлын хатуу системтэй юм. Энэ нь батлан хамгаалах асуудлаар Япон, Өмнөд Солонгос ба бусад улстай  байгуулсан хоёр талын гэрээнүүд билээ. Харин Орос Хятад хоёр улс аюулгүй байдлын нээлттэй төслийг урагш ахиулж байна. Эдгээр хоёр улс америкийн төслийг үгүйсгэхгүй боловч бүс нутагт АНУ-ын ажиллагааг хэсэгчлэн тогтоон барьж мэднэ» гэв.

   Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг  Ази Номхон далайн бүс нутгийн бүх нийтийн тэнцвэртэй нээлттэй аюулгүй байдлыг төлөвшүүлэх чухал хүчин зүйл хэмээн үзэж байна гэж Оросын ГХЯ-аас Балид дээд хэмжээний уулзалт нээгдэхийн өмнө мэдэгджээ. Ийм систем нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээ, эвслийн бус хамтын эхлэлд тулгуурлаж, бүх улс орны хууль  ёсны ашиг сонирхолыг харгалзах ёстой.

  Москва  бүс нутгийн ажил үйлсэд адил тэгш аюулгүй байдлын зарчмыг бэхжүүлэхийн төлөө байж, ямар нэг өөрийн аюулгүй байдлыг бусдынхыг хохироон бэхжүүлэхийг хүлцэхгүй байна. Түүнээс гадна Орос улс Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд эдийн засгийн янз бүрийн төслийг хэрэгжүүлэхэд оролцоход бэлэн байна. Энэ нь  Оросын туршлагыг  эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүч түүний дотор атомын энерги болон  гай гамшгийг сэрэмжлэх, хор уршгий нь арилгах  зэрэг салбарт  хэрэглэх боломжийг түншүүдэд олгож байна.