Сансар оросын бүсгүйчүүдийг хүлээж байна. Сансрын  нисгэгчдийн отряд эмэгтэйчүүдийн дунд нээлттэй шалгаруулалт явуулна гэж оросын сансар судлалын байгууллагын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Тэрээр, өнөөдрийн байдлаар отрядад байгаа цорын ганц эмэгтэй Елена Серова заавал сансарт нисэх болно гэж батлав. 1961 оны 12-р сард Юрий Гагарины нислэгээс хэдэн сарын дараа зөвлөлтийн засгийн газар эмэгтэйчүүдийн баг байгуулах тухай даалгасан юм. “Восток” хөлөг дээр сонгон шалгарсан таван эмэгтэй дасгал сургууль хийж байв. Тэгээд 1963 оны 3-р сар гарлаа. Түүхэнд анх удаа тойрог замд нэг өдөр Валентина Терешкова, Валентина Пономарёва нарын удирдасан “Восток-5” болон “Восток-6” хоёр хөлөг  хөөрөх ёстой байлаа.

   Бүх юм бэлэн болсон байв. Гэтэл гэнэт үйл явдал өөрөөр эргэв. 1963 оны 3-р сарын 21-ний  ЗХУ-ын Коммунист Намын ТХ -ны  хуралдаан дээр төлөвлөгөө эрс өөрчлөгдөх нь тэр. Терешковаг “Пономарёвагийн” “Восток-6” хөлөг рүү шилжүүлэн суулгаж,  “Восток-5” хөлөгт Валерий Быковскийг томилжээ.  Быковский бэлтгэлийн бүрэн курс төгсөж амжаагүйгээс түүний Терешковатай хамт хийх нислэгийг хойшилжээ.  Үүний эцэст дэлхий 1963  оны 6-р сард сансрын анхны эмэгтэй нисгэгчийг мэдэх болсон юм. Тэрхүү нислэгийн үеэр түүхэнд анх удаа хөлөг хооронд 5 км ойртуулах  радио холбоо тогтоосон юм. Пономарёва 1969 он хүртэл нөөцөнд байж байгаад  бэлтгэгдэж байсан бусад  гурав - Ирина Соловьёва, Жанна Еркина, Татьяна Кузнецова нарын хамт сансрын нисгэгчдийн багаас хасагдасан юм.

   Терешковагаас хойш Зөвлөлт Холбоот  Улсад сансрын тойрог замд дахин эмэгтэй хүн илгээсэнгүй 19 жил болжээ. Тэгээд 1982 онд “Союз” экспедицийн оролцогч “Салют-7” хөлгийн нисгэгч  Светлана Савицкаягийн нэр цуурайтах болсон юм. Хоёр жилийн дараа хоёр дахь нислэгийнхээ үеэр  сансрын  эмэгтэй нисгэгч маань түүхэнд анх удаа  нээлттэй сансарт гарсан анхны эмэгтэй болно.  Одоогоор гуравдахь бөгөөд хамгийн сүүлийн эмэгтэй нисгэгч Елена Кондакова юм.   Тэрээр  1994, 1997  онуудад “Мир” станцаар болон “Атлантис”  хөлгөөр сансарт ниссэн юм.Яагаад орос эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалт ийм цөөхөн хүнтэй  байна вэ? Гэтэл тэднийг бэлтгэх ажил ер зогсоогүй шүү дээ. Асуудал өөр зүйлд байгаа гэж сансар судлалын салбарын шинжээч Игорь Лисов тэмдэглээд «Бид ч гэсэн нисэх л юм бол  нисгэгч бүх юманд бэлэн байх ёстой гэсэн ойлголттой байдаг.  Тухайлбал, тэнд задгай сансарт гарна гэдэг маш их хүнд, хэцүү ажил байдаг. Гэтэл эмэгтэй хүн  нь бие мах бодийн онцлогоосоо болоод тэрхүү ажлыг эрчүүдээс арай доогуур хийдэг гэж үздэг аж. Миний бодоход ийм төсөөллийг олон орос эмэгтэйчүүд амьдрал дээр өөрчилж чадна. Гэхдээ тэдэнд практик дээр үзүүлээд өгөх боломж олгохгуй байна л даа» гэлээ.

    Жинхэндээ 2000 оны эхэн үед Олон улсын сансрын станц дээр Надежда Кужельная 1994 оноос бэлтгэл хийж, диплом гардасан тэр сайхан бүсгүй  нисч болохоор л байсан. Тэр чадамгай нисгэгч байсан. Нэг удаа аймшигт ослын байдлаас зайлсхийж чадсан юм. Түүнийг нисч байхад нь бүхээгт тос асгарч, бүх шилийг нягт тосон давхарга бүрхэсэн аж. Надежда онгоцоо хаяж,  шүхрээр  буухын оронд  онгоцоо аврахыг шийджээ. Тэр онгоцоо бараг л харанхуй газардуулж  чадсан юм. Сайхан төрсөн эмэгтэй нисгэчид  сансрын тойрог замаас эх дэлхийгээ харах заяа байсангүй юм байлгүй дээ. “Союз” хөлгийн бүрэлдэхүүнд Олон улсын сансрын станцад очих Сансрын жуулчдын цаг иржээ. Сүүлийн хоёр  “Союз” хөлгүүдэд болон 2004 онд ч  Кужельнаяг  багийн бүрэлдэхүүнд оруулсангүй, 41 настай тэтгэвэрт нь гаргав.

    Сансраас хол хүмүүс эмэгтэй хүн нислэгийн үеэр эрэгтэйчүүдийн дайралтанд өртөж  болох уу гэсэн асуулт тавьдаг. Тийм ээ, тиймээс тэднийг авдаггүй юм. Чухамдаа ийм тохиолдол гарч байсан, гэхдээ сансарт биш шүү. Урт хугацаагаар тусгаарлах “SFINCSS -99“  туршилтын үеэр цорын ганц хамтран зүтгэгч эрэгтэй түүнийг  хүчиндэхийг оролдож байсан аж.  Тэр арай ядан мултран гарч, өрөөгөө түгжиж авсан. Ийм юм сайн дурынхны дунд гарна гэхээс өөрийгөө хянаж чаддаг, хариуцлагатай  сансрын нисгэгчдийн дундаас гарахгүй нь лавтай юм. Сар, ангариг гариг дээр хүмүүс байнга амьдрах  тэр  цаг айсуй. Тэдний  дунд эрэгтэй, эмэгтэй хүмүүс байх болно.