Хүмүүс бага балчир байхдаа ямар нэг дармал алт эрдэнэ олохыг мөрөөдөж, амин чухал хүслээ үүнтэй холбон үздэг. Зарим хүн азаар дармал эд эрдэнэ илрүүлж олдог. Москвад нээгдсэн «Оросын зоос, дармал эд эрдэнийн түүх» үзэсгэлэн нууж далдласан эрдэнийг олж илрүүлсэн сонин үйл явдлуудтай танилцуулж байна.ЮНЕСКО-гийн үнэлгээнээс харахад  эдүгээ 900 тэрбум гаруй долларын өртөг бүхий  эд эрдэнэ газарт ба тэнгис далайн ёроолд байгаа. Үлэмж хэсэг нь дармал зоос  билээ. Орос улсад 1 Пётр хаан  анхны зоосны томоохон цуглуулгатай байсан гэж үзэж болно. Түүний зарлигаар ер бусын эртний бүх эд эрдэнийг цугуулахыг тушаажээ. Оросын ба дорнодын зоосноос бүрэлдсэн хааны цуглуулгад   зориулан 1714 онд Санкт-Петербургад Кунсткамера хэмээх оросын анхны музейг нээсэн юм.

   Эдгээр зоос  цуглуулагчдад үнэ цэнэтэй болоод зогсохгүй түүхийн бодит баримтууд болсон. Москвагийн үзэсгэлэнгийн  дэлгэн харуулж буй  хамгийн эртний  эд эрдэнийг Х1 зуунд дарж, дөнгөж 1954 онд илрүүлсэн байна. Оросын европын хэсгийн төв Брянская мужид илрүүлсэн олдвор дэлхийн цуглуулагчдын бүлгийнхнийг гайхуулав. Митьково тосгоны хүүхдийн асрах газрын сурган хүмүүжүүлэгч Александр Мацуев ойр хавийн догуй болон уул довонд дарсан оросын 13 мөнгөн зоосыг олсон юм. Зоосны нэг талд Иисус, нөгөө талд нь христийн шашны бэлгэ тэмдэг - загалмай барьсан Владимир ванг дүрслэжээ.

   Дашрамд хэлэхэд  мэргэжлийн дармал эд эрэдэнийг эрэгчдийг бодоход жирийн хүмүүс энэ талаар илүү азтай байна. Москвагаас баруун-хойш 120 км зайтай орших Тверь мужийн оршин суугч Тишкин өөрийн ногооны газраас  дармал эд эрдэнийг олсон явдал үүнийг нотлон харуулав. Улсын түүхийн музейн ажилтан Евгений Захаров үзэсгэлэнг тайлбарлан хэлэхдээ «1987 оны 5-р сард Тишкин ногооны газраа хүрзээр хагалжээ. Гэнэт хүрз нь төмөрлөг бортогод хүрчээ. Тэрээр бортогод хийсэн 2396 зоосыг хараад хийж буй ажлаа түр зуур мартчихжээ. ХХ зууны эхэн үеийн сониноор ороосон зоос эсэлдсэн учир ногоон өнгөтэй байв. Хамгийн эртний зоос 1709, хамгийн шинэ нь 1915 оных байжээ. Тишкин олдвороо орон нутгийн музейд өгсөн байна. Тэр үеийн хууль ёсоор  дармал зоосуудын өртөгийн дөрөвний нэгийг түүнд төлсөн» гэв.

   Тишкиний илрүүлсэн  оросын хуурамч мөнгөн зоос сонирхол татав. Хуурамч мөнгө далдалж нуусан нь сонин. Чухам ямар зорилгоор хуурамч мөнгө далдлаж дарсаныг  хэзээ ч хэн ч мэдэх аргагүй. Оросын хамгийн ховор зоосны нэг константины рубль тэдгээрийн дотор байна. 1 Александр эзэн хаан нас нөгчснөөс хойш ийм тавхан ширхэг зоос  үйлдвэрлэсэн аж. Константин Павлович  1825 онд хаанд өргөмжлөгдөнө хэмээн таамагласан учир зоосыг константины рубль гэжээ. Тэрээр өөрийн дуу Николайн төлөө Александр хаан эсэн мэнд байсан үед хаан ширээнээс татгалзсан билээ.

    «Оросын зоос, дармал эд эрдэнийн түүх» үзэсгэлэнг Оросын Хадгаламж банкны 170 жилийн ойд зориулжээ. Энэ нь учиртай. Банкны үйл ажиллагаа мөнгө тухайлбал зоостой шууд холбоотой юм. Түүнээс гадна Хадгаламж банк ховор зоосыг хувийн цуглуулагчдаас удаа дараа худалдан авч, улс орныхоо музейнууд тухайлбал Улсын түүхийн музейд бэлэглэжээ.