Хэцүү зүйлийг зөвхөн итгэлцэл дээр л шийдэж болно, зарим нэг шийдвэрийг бид гаргалаа, их зүйл хийх шаардлагатай байна. Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай хамтран хийсэн сүүлийн жилүүдийн ажлыг оросын ерөнхийлөгч Д. Медведев ийнхүү дүгнэлээ. Гавайн аралд болсон АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтын үеэр тэд уулзсан юм. Хоёр ерөнхийлөгч хэлэлцээрийнхээ үеэр орчин цагын дэлхий ертөнцийн бүхий л үндсэн асуудлуудыг хэлэлцлээ. Олон улсын асуудалд онцгой анхаарал хандууллаа. Эдгээр нь Ойрхи Дорнод, Афганистан, Сири, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг асуудлууд байлаа. Олон асуудлаар Москва, Вашингтон харилцан ойлголцож байна. Мэдээж хэрэг одоохондоо зөвшилцөлд хүрэхэд хол байгаа асуудлууд байсаар байна. Эхний ээлжинд энэ нь Европын ПДХ системийн асуудал юм. Ийм тохиолдолд ч гэсэн ОХУ, АНУ, хоёр тал хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэрийг олох боломж байгаа гэж Д.Медведев онцлон тэмдэглээд: «Урьд нь арван жилийн турш амжилт ажиглагдаагүй тийм асуудлуудаар бид сүүлийн жилүүдэд амжилтанд хүрсэн юм. Жишээ нь, СДЗ-ийг хязгаарлах тухай гэрээг дурдахад хангалттай бизээ. Хэрвээ бид европын ПДХ системтэй холбоотой болон бусад асуудлаар иймэрхүү хүчин чармайлт гаргах юм бол амжилтад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна» гэж тэр хэллээ.  

   Орос, америкийн хамтын ажиллагааны нэг нааштай жишээ нь ОУ ДХБ-д элсэх явдал юм. Д.Медведев энэ сэдвийг онцлон дурдлаа. ОХУ, ДХБ-д элсэх хүчин чармайлтыг үнэн сэтгэлээсээ дэмжсэн ерөнхийлөгч Обама болон түүний багт талархал илэрхийлэхийг би хүсэж байна. Харин америкийн засаг захиргаа үүнээс өмнө ийм дэмжлэгийг хэзээч үзүүлж байгаагүй юм. Ийм учраас ч бид 1993 оноос хойш энэ байгууллагад элсэхийг оролдож байгаа байх гэж тэр хэллээ. ОУ, ДХБ-д элсэх нь дэлхийн худалдааны харилцааны бүх системд ашигтай гэж Барак Обама тэмдэглээд, Жексон-Веникийн засварыг өөрчлүүлэх талаарх зөвлөлгөөг үргэлжлүүлнэ гэж нэмж хэллээ. ОУ, ДХБ-д элсснээр дэлхийн эдийн засагт бүхэлд нь асар их давуу талыг олгох болно. Ажлын өдрийн эхний хагасыг АНД бүс нутгийн орнуудын эдийн засгийн асуудалд зориуллаа. Д.Медведев, Австралийн ерөнхий сайд Жулия Гиллардтай хамт дэлхийн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах арга зам болон АНД бүс дэх эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцлээ. Перу улсын ерөнхийлөгч Ольянта Умалатай хийсэн хэлэлцээрийн гол сэдэв нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа байсан ба энэ оны эхнээс хоёр улсын бараа эргэлт 70%-иар өссөн байна. Мөн Малайз улсын ерөнхий сайд Наджиб Разактай худалдааны түншлэлийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хоёр улсын харилцан хамтын ажиллагааны гол салбарууд нь эрчим хүч, сансар, мэдээлэл, харилцаа холбооны технолог, аялал жуулчлал юм. Вьетнам улсын дахин сонгогдсон ерөнхийлөгч Чыонг Тан Шангтай хийсэн анхны уулзалтаар нефть хий, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаанаас гадна өндөр технологийн салбарт хамтран ажиллах төлөвийг бас хэлэлцлээ. Япон улсын мөн дахин сонгогдсон ерөнхий сайд Ёсихико Йодатай хийсэн ярилцлагын явцад эдийн засгийн түншлэлийг оролцуулаад улс хоорондын харилцааны цогц хөгжлийн асуудал гол байр эзлэж байлаа.