Оросын «Лукойл» компанийн Варандейский тэнгисийн мөсөнд тэсвэртэй зогсоолыг дэлхийн алс хойдын нефтийн терминалын хувьд Гиннесийн дээд амжилтын номд оруулж бүртгэв. Зогсоолыг Оросын европын хойд хэсгийн Ненецкий автономит тойргоос 22 км зайтай Баренцев тэнгист 17 метр гунд байгуулжээ. Гаднаас харахад энэ нь 50 гаруй метр өндөр 11 мянган  тонн жинтэй лут том шовгор хэлбэртэй барилга байгууламж билээ. Цогцолбор орон  сууцны модуль бухий суурь, зогсоож ачих буулгах ба нисдэг тэрэгний талбартай. Мөн түүнийг нефтийг эрэг хавийн агуулахад шахан дамжуулах хоёр усан дорхи хоолойтой  залгажээ.

   Энэ төсөл  арктикын эх газрын усан дорхи үргэлжлэлд орд газрыг эзэмших технологи Орос улсад байгааг нотлон харуулсан гэж Арктикын нефть хийн технологийн хүрээлэнгийн захирал Анатолий Золотухин тэмдэглэн хэлээд:«Терминал маш сайн. Түүнийг удаа дараа туршсан. Тогтвортой ажиллаж байна. Энэ нь оросын шилдэг технологи юм. Оросын үндэсний компани түүнийг бараг биеэ дааж байгуулсан нь таатай. Гэвч оросын технологийг арктикын эх газрын усан дорхи үргэлжлэлийг эзэмшихэд хаа сайгүй хэрэглэж болохгүй. «Лукойл» компанийн төсөл арктикын тэнгист хэрэгжүүлэх цорын ганц төсөл юм. Тус компани  Каспийн тэнгист Корчагины орд газарт ийм суурин тавцанг бас байгуулсан. Аажмаар туршлага хуримталж байна. Гэвч энэ нь бүхнийг дангаар хийх хэрэгтэй гэсэн уг огт биш»  гэв. 

   Өрнөдийнхөн энэ талаар оросынхоос илүү удаан туршлага хуримталж ирсэн гэж шинжээч тэмдэглэв. Ийм төсөлд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах болохоор ганц улсаас хэрэгжүүлэхэд хэцүү юм. Иймээс технологи авахын тулд ямар нэг юм тухайлбал нөөцөө хуваалцах хэрэгтэй. «Хойд урсгал» хийн хоолойн анхны ээлжийг ашиглалтад оруулсан нь  бараг 4 триллион шоо метр хийн нөөцтэй Штокманы орд газрыг эзэмших ажлыг урагш ахиулахад шижим түлхэц үзүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна. Хожим тус орд газрын хийг дээрх хоолойгоор дамжуулах ёстой. Бүр 2012 онд Штокманы орд газарт мөсөнд тэсвэртэй хосгүй тавцангийн зураг төслийг зохиохын төлөө тендер зарлаж болзошгүй.

  Дараа нь захиалгыг биелүүлэгчийг сонгож авна. Үүнд янз бүрийн хувилбар байж болно гэж Анатолий Золотухин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Эдүгээ тэнгисийн лут том барилга байгууламж барих талаар тэргүүлж буй компаниуд тухайлбал өмнөд солонгосын Hyundai компани байгаа. Үүнд улс төрийн бодлого ч нөлөөж болзошгүй. Оросын үйлдвэрт үйлдвэрлэхээр шийдвэрлвэл урьдчилан зохих бэлтгэл хийх хэрэгтэй. Манайд хөвдөг хэрэгсэл алга» гэв. Оросын үйлдвэрүүд шинэ технологийг түргэн амжилттай эзэмшиж байгааг «Лукойл» компанийн төсөл нотлон харуулав. Мөсөнд тэсвэртэй барилга байгууламжийг Калининградын барилгын төмөрлөг эд ангийн заводад үйлдвэрлэжээ. Тэр жилд 12 сая тонн нефть дамжуулах хүчин чадалтай. Барилга байгууламжийг ашиглалтад орулснаас хойш 20 сая гаруй тонн нефть шатахуун зөөх онгоцуудад ачаад байна.