ШХАБ-ын гишүүн орнуудын  хамтын ажиллагааны эдийн засгийн чиглэлийг эрчимжүүлж, хүчирхэг дэд бүтцийг төлөвшүүлэх нь зайлшгүй чухал гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин Санкт-Петербург орчмын  Константиновын ордонд хийсэн ШХАБ-ын  гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр  мэдэгдлээ. Энэ нь  төрийн оролцоотойгоор хэрэгжүүлэх томоохон төслүүдийн  хүрээнд хамтран ажиллах төдийгүй жижиг, дунд бизнесийн санаачилгыг дэмжихэд хамаатай  гэж Оросын ерөнхий сайд онцлов. Олон талт худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх явдал ирээдүйтэй гэж Владимир Путин тэмдэглээд «Бид ШХАБ-ын үйл ажиллагааг хамтын хүчээр чанарын хувьд шинэ түвшинд гаргаж чадна. Манай байгууллагыг  дэлхийн эдийн засаг, улс төрийн бүтцийн тулгуур нэг хэсэг  ба бүс нутгийн нэгдлүүд хамтран ажиллах, хөрш зэргэлдээ улс орон, байгууллагуудтай  яриа хэлцээг өргөжүүлэх талбар болгоход гол зорилго оршино. Энэ нь дэлхийн эдийн засагт түвэгтэй хандлага мэдрэгдсэн өнөө үед  чухал юм. Бид тулгарсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх ёстой» гэв.Владимир Путин Санкт-Петербургад хийсэн хуралдаан дээр үг хэлэхдээ үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг урагш ахиулахад  зайлшгүй ШХАБ-ын хүчирхэг дэд бүтцийг бүрдүүлж төлөвшүүлэхийг санаачлав. Энэ нь бүс нутгийн дамжин нэвтрэх чадавхийг ашиглах, Европыг Ази Номхон далайн бүс нутагтай  холбох үүргий нь бэхжүүлэх боломж олгох юм.

    Казахстаны ерөнхий сайд Карим Масимов дэд бүтцийн зорилтыг ШХАБ-ын хүрээнд биелүүлэхийн тулд улс дундын нөөцийн банк  байгуулах санал дэвшүүлэв. «Дэлхийн эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг харгалзан, түүний хор холбогдолыг аль болохоор зөөлрүүлж арилгах зорилгоор  ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг улс дундын хамтрасан нөөцийн банкаар дамжуулан өргөжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна гэж Карим Масимов хэллээ.

    Хятад улс ШХАБ-ын гишүүн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд туслах  хөнгөлөлттэй зээл тэдгээрийн дотор байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдэв. « Бид Еврази дамнах нефтийн хоолой барих, цахилгаан дамжуулах шугам байгуулах тухай Казахстаны саналыг дэмжиж байна. Түүнчлэн ШХАБ-ын орон зайд хил дамнах  авто,төмөр замыг шинэтгэж, шинээр барих тухай Тажикистан, Узбекистан хоёр улсын саналыг дэмжиж байна. Хөнгөлөлттэй зээл олгохыг оролцуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэж Вэнь Зябао Санкт-Петербургад хэлжээ. Түүнээс гадна тэрээр  ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах үзэл баримтлалыг гүйцээж боловсруулж, худалдаанд үндэсний валютаар хийх тооцоолтыг өргөжүүлэхийг санаачлав.

     Эдийн засгийн хамтын ажиллагааны санхүүгийн хэрэгслийг боловсронгуй болгох нь чухлыг Владимир Путин онцлоод «Банк дундын нэгдлийн тухайд гэвэл  түүний хөгжлийн дунд хугацааны стратегийг уялдуулан зохицуулсан. Дэд бүтцийн төсөл, инновацийг дэмжих, нөөц бололцоог нэгтгэх технологийг нэвтрүүлэх чиглэл эн түрүүнд гарч байна. Үндэсний валютаар  харилцан тооцоолт хийхийг өргөжүүлж, хөрөнгө оруулахад Москва,Шанхай, Хонконг дахь хөрөнгийн томоохон  байгууллагуудын боломжийг ашиглах нь нэн чухал» гэв.Эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг Санкт -Петербургад энэ удаагийн хуралдаан дээр хөндөж ярив. Гишүүн орнуудаас  гадна байгууллагын  түншүүд бүрэлдэхүүнд нь орох Эрчим хүчний клубыг  ШХАБ-ын хүрээнд  байгуулна гэж Владимир Путин мэдэгдлээ. ШХАБ харилцан ашигтай хамтын ажиллагаанд нээлттэй байна. ШХАБ-ын хариуцлагын газар зүйн хүрээг өргөжүүлэхийн тухайд гэвэл Орос улс янз бүрийн улсыг байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр хамруулах тухай мэдүүлэгүүдэд нааштай  хандана гэж Владимир Путин онцлов.

     Дашрамд хэлэхэд Лалын БН Пакистан улсын ерөнхий сайд Саед Юсуф Раза Гилани болон Энэтхэгийн төлөөлөгчид  энэ удаагийн хуралдаан дээр үг хэлэхдээ  ШХАБ-ын ажилд бүрэн оролцох эрмэлзэлтэй байгаагаа ахин мэдэгдэв. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дараачийн  уулзалтаар мөн асуудлыг шийдвэрлэж болзошгүй.