ШХАБ-ын хүрээнд Эрчим хүчний клуб байгуулна. Өнөөдөр Санкт-Петербургт эхлэх ШХАБ-ын улсуудын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдааны өмнө Интерфакс агентлагт оросын засгийн газрын эх сурвалж ингэж мэдээлсэн байна. Түүний хэлснээр энэ нь ОУ-ын санал санаачлага бөгөөд тус клуб ирэх жилийн 2-р сараас ажиллаж эхлэх юм байна. Эрчим хүчний салбар дахь өргөн хэмжээний дэд бүтцийн төслүүд жишээ нь Тажикистанаас Афганистан, Пакистаны нутгийг дамжин Энэтхэг улс хүрэх өндөр хүчдлийн шугам барих ажилд “улс төрийн найдвартай дэмжлэг” шаардлагатай байна гэж агентлагт мэдээлэл өгсөн этгээд ярьсан байна. “Учир нь бүх улсууд үүнийг сонирхож байгаа бөгөөд хоёр талын хэмжээнд шийдэж болохгүй асуудлыг ШХАБ-ын хүрээнд шийдвэрлэж болдог юм” гэж тэр тэмдэглэсэн байна. ШХАБ-ын 10 жилийн ойн уулзалтад оролцогчид зохион байгуулалтай гэмт хэрэг, салан тусгаарлах үзэл, алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэдлэлцэх болно. Мөн олон талт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цогц асуудлуудыг хэлэлцэх болно. Путин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, Пакистан улсын ерөнхий сайд Юсуф Гилани нартай хоёр талын уулзалт хийнэ. ШХАБ-д Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан улсууд ордог юм. Харин Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм.