Гитлерийн цэргүүдэд бүслэгдсэн Москва хотод 1941 оны 11-р сарын 7-нд Улаан армийн парад болсон юм. Ингэснээрээ нийслэл хот баттай оршиж байна гэдгийг харуулсан юм. Нийслэл хотоос хэдхэн километрийн зайд байсан фронт руу цэргүүд парадаас шууд явж байлаа. Яг энэ өдөр германын цэргийн командынхан Москваг эзлэхээр төлөвлөж байсан юм. 10-р сарын 16-наас хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн нь Сталин болон түүний тойрон хүрээлэгчид нийслэл хотоос зугтсан гэсэн цуу яриаг дэгдээсэн бөгөөд энэ нь зориуд тараасан хуурамч мэдээлэл байсан юм. Энэ цэргийн парад нь улаан армийн ялагдашгүй дайчин байдлыг илэрхийлэж байлаа. “Та бүхний хийж байгаа дайн бол шудрага, чөлөөлөгч дайн юм. Та бүхнийг манай агуу их өвөг дээдэс Александр Невский, Дмитрий Донской, Кузьма Минин, Дмитрий Пожарский, Александр Суворов, Михаил Кутузов нар энэ дайнд зоригжуулах болно. Бид үнэний төлөө тэмцэж байна. Дайсныг бут цохих болно. Ялалт бидний талд байна” гэж Улаан талбайн индэр дээрээс Дээд ерөнхий командлагч хэлсэн байна. Энэ парадын тухай мэдээнээс өөр чухал мэдээ тэр үед дэлхийд байгаагүй билээ. Зөвлөлтийн цэргүүдийн Москва орчимд хийсэн сөрөг давшилт германуудыг сандралд оруулсан юм. Хэд хэдэн чиглэлд тэд хамгаалалтын байдалд орсон юм.

     11-р сарын 7-ны даваа гаригийн өглөөний 10-11 цагын хооронд Улаан талбай дээр алдарт парадын 70 жилийн ойд зориулсан ёслолын марш болно. Энэ маршт Хүндэт харуулын анги болон Ерөнхийлөгчийн морин цэргийн хорооныхон москвагийн гарнизоны цэргүүдийн 1941 онд өмсөж байсан хувцастай жагсах юм байна. Дэлхийн 2-р дайны ахмад дайчид байрлах индэрийн өмнүүр Москвагийн хүүхдийн хөдөлгөөний 4000 төлөөлөгчид жагсан явах юм байна. Тэд эх оронч дайчдын клуб, эрэл хайгуулын отряд, кадетын сургуулийн хүмүүжигчид юм. Улаан талбайн чулуун шалан дээгүүр эх орны дайны үеийн техникүүд явж өнгөрнө. Энэ техникүүдийг Вадим Задорожныйгийн музейн сайн дурынхан сэргээн засварласан байна.

   Тус музейн PR менежер Марина Яура ярихдаа: «Түүхэн парадыг сэргээн засварлах санаа энэ оны 1-р сард төрсөн юм. 10 сарын хугацаанд Москвагийн төлөө тулалдаанд оролцсон түүхт техникүүдийг сэргээн засварласан юм. Вадим Задорожныйгийн техникийн музей “Т-60” хөнгөн танк болон “Т-37” тагнуулын хөвөгч танкуудыг парадад зориулан сэргээн засварласан юм. Энэ хөвөгч танк бол маш өвөрмөц машин юм. Үүнээс гадна “М-72” мотоцикль, “Газ-67” машиныг бас үзүүлнэ. Газ-67 бол манай жип юм. Мөн хуягласан “Б-64-Б”машин байна. “Т-60” хөнгөн танк 1941 оны парадаас хойш анх удаа Улаан талбай дээгүүр явах болно. Зарчмын хувьд энэ нь урьд хожид үзэгдээгүй үзүүлбэр юм, учир нь энэ машин дэлхийд 6 ширхэг л үлдсэн юм. Т-37 танк бол бүр цөөхөн үлдсэн юм» гэж тэр ярилаа. Ёслолын марш өндөрлсний дараа Дэлхийн 2-р дайны үеийн техникүүд Васильевийн уруу дээр байрлах болно. Хүссэн хэн бүхэн энэ гайхамшигтай техникүүдийг нүдээрээ үзэж гараараа барьж болох бөгөөд 1941 оны тэр түгшүүртэй дайны үеийн алдартай парадыг төсөөлөн бодох болно.    

Гэрэл зураг