«ОДХ» радио олон улсын аялал жуулчлалын томоохон төв болсон оросын эртний хотуудын тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид эртний Их Ростов хотоор радио аялал хийнэ. Их Ростов Москвагаас холгүй оршдог. Гэвч урьд өмнө Ростовоос Москва хүртэл гэх нь зев байсан юм. Учир нь тус хот Оросын өнөөгийн нийслэлээс нэлээд өмнө үндэслэгдэн байгуулагджээ. Ростов хотыг IХ зууны он дараалсан бичигт дурдаж, 862 онд үндэслэн байгуулсаны нь тэмдэглэжээ. Ирэх онд Их Ростов 1150 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ ойгоор хотын Кремлийн дэвсгэр нутагт мэдээллийн төвийг нээх тухай «Ростовын кремль» музей-дархан цаазтай газрын эрдмийн нарийн бичгийн дарга Елена Ким мэдээлээд: «Эдүгээ бараг бүх музей үзмэрүүдээ интернетээр үзүүлж байна. Ростовын музей ч тийм үзэсгэлэн гаргах юм. Манай мэдээллийн төв Ростов хот ба Ростовын кремль төдийгүй Ростов газар нутгийн талаар бүх мэдээ баримтыг нэгтгэж дүгнэх юм. Эдүгээ төслийн хөтөлбөрийг зохиож, гэрэл зураг, эртний бичмэл дурсгалыг цуглуулж, архивын судалгаа хийж байна» гэв. Ростов орчин цагийн Орос улсын өлгий-Зүүн-хойд Оросын төв хот ХI зуун болоод Их хот гэгдсэн. Мөн үед хот Ростовын сүм хийдийн төв болжээ. ХIII зууны эхээр биеэ даасан Ростов вант улс байгуулагдаж, Оросын улс төр, шашны төвийн нэг  болжээ.

    ХVII зууны үед Неро нуурын эрэг дээр сүндэрлэн боссон Ростовын кремль бол хотын гол дурсгал юм. Одоо тэр музей болсон  хийгээд дашрамд хэлэхэд дөнгөж 17 цаг хүртэл ажилладаг. Музей хэдхэн өдрийн дараа ойгоо тэмдэглэнэ гэж Елена Ким хэлээд: «Манай музей 128 жил, «Зургийн үзэсгэлэн» гэдэг хэлтэс 90 жилийн ойгоо 11-р сарын 10-нд тэмдэглэнэ. Оросын зураасан зургийн үзэсгэлэн мөн өдөр манайд нээгдэнэ. ХVIII зууны зургуудаас аваад авангард маягийн зураг хүртэл 50 орчим бутээлийг энд дэлгэж тавина» гэв. Өдгөө хүртэл сайн хадгалагдаж ирсэн тансаг гоё Ростовын кремль оросын үлгэрийн зурагтай төстэй байна. Кремлийн төв жижиг талбайд үзэсгэлэнт цөөрөм оршино. Иоанн Богословын сүм болон оросын хаадын байрлаж байсан хоёр давхар цагаан байшин дэргэд нь байгаа. Гонхон дээр заавал гарах хэрэгтэй. Тэндээс хот маш сайхан харагдана. «Трапезная палата» гэдэг ресторан кремлийн дэвсгэр нутагт ажиллаж байна. Зөөхийн сүмстэй гахайн мах маш их таалагдах байх. Хоёр хүний хоол 50 долларын үнэтэй.

   Бараг хагас сая жилийн тэртээ бий болсон Неро нуур гүнзгий биш боловч  хөлөг онгоц явж байна. Аялал жуулчлалын хоёр илчит хөлөг Ростовын кремлийн гол хаалганы цаана байгаа зогсоолоос явдаг. Аялалд 5 доллар төлөх юм. Нуураар аялах үеэр кремль, сүм хийд тод харагдана. ХIV зууны Спасо-Яковлевын ба 11-12 зууны зааг дээр барьсан Богоявлений Авраамиев сүм хотын гол сүмүүд  юм. Их Ростов өнгө өнгийн паалантай төмөр гоёл чимгээрээ алдаршсан. Ийм эдлэлийг кремлийн ханын дэргэдэх жижиг зээл дээр худалдаж байна. Сүүлийн үед гар урчуудын мастер-класс аялагчдын сонирхолыг татаж байна. Ийм арга хэмжээ томоохон наадмын хүрээнд явагддаг гэж Елена Ким хэлээд: «Хотын дундад зууны соёлд зориулсан наадам зуны улирлын эхээр болдог. Вааран эдлэл хийдэг хүмүүс болон нэхмэлчдийг наадамд уриж байна. Сүм хийдийн соёлд зориулсан наадам зуны шувтаргаар болдог. Наадамд уригдсан бурхны хөргийн зураачид музейн үзэсгэлэнгийн танхимуудад ажилладаг. Мөн шаглаач эмэгтэйчүүд ба дархчуул наадамд оролцож байна» гэв. Үнэхээр олон сайн ресторан Их Ростовод ажиллаж байна. Дээр дурдсан «Трапезная палата»-гаас гадна кремлиэс холгүй орших «Славянский» рестораныг зөвлөж болно.Тэндхийн оросын үндэсний амтат хоолны үнэ москвагийнхаас хямд байна. Мөн Неро нуурын янз бүрийн загас маш амттай.