Өмнөд Солонгосын эргийн хамгаалалын алба тус улсын нутаг дэвсгэрт орох Шар тэнгисийн усанд БНАСАУ-ын 21 хүн суусан завийг илрүүлжээ. Энэ тухай Ассошиейтэд пресс агентлаг Инчхон боомтын Эргийн хамгааллын албаны нэрээ хэлэхээс татгалзсан  төлөөлөгчийн хэлснийг иш татжээ. Уг завийг энэ долоо хоногийн эхээр олжээ. Өмнөд Солонгосын албаны хүмүүс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Агентлагийн мэдээлснээр есдүгээр сард БНАСАУ-аас 9 хүнтэй завь Японы эрэг дээр иржээ. Тэдгээр хүмүүсийн 3 нь эрэгтэй, 3 эмэгтэй, 3 хүүхэд байжээ. 9-р сарын 14 нөөс тэднийг Нагасаки мужийн цагаачдын албанд саатуулж байгаад, 10-р сард тэдний хүсэлтээр Өмнөд Солонгос руу явуулжээ. Солонгос улсын мэдээлж буйгаар Солонгосын хойгийн дайнаас хойш өнгөрсөн оны эцэс хүртэл Өмнөд Солонгос руу 20 гаруй мянган хүн зугтан иржээ.