Африк тивд долларын хар үе эхлэж байх шиг байна. Америкийн валютыг хятадын юань шахаж байна. Кенийн шиллингийн ханшийг тогтвортой байлгахын тулд өөрийн нөөцийн зарим хэсгийг юаньд шилжүүлж байна гэж Кени улс зарлалаа. Энэ тал дээр Кени улс ганцаараа биш юм. Нигери улс 9-р сарын эхээр Африк тивд анх удаа өөрийн долларын нөөцийн 10%-ийг хятадын юаньд шилжүүллээ гэж мэдэгдсэн билээ. Нигери улсын Төв банкны тэргүүн Ламидо Сануси мэдэгдэхдээ АНУ-ын зээлийн рейтинг унаж байгаа болон тэдний төсвийн хомсдол их байгаагаас болж манай орныг валютын нөөцөө олон төрөлтэй болгохыг шаардаж байна гэж хэлсэн байна. Нигери улсын нөөц Африк тивийн улсуудын хувьд маш өндөр 33 тэрбум доллар юм. Хятадад юаниар нефть худалдах боломжийг авч үзэж байна гэж банкны тэргүүн хэлсэн байна.

    Хөгжиж буй зэх зээл дээрх томчуудын нэг өмнөд африкийн Стандарт Банкны таамаг ч ортой байна. ӨАБНУ, Нигери, Кени улсуудын дараа Гана, Ангол улсууд юаниар тооцоо хийх болно гэж тус банкны шинжээчид тэмдэглэж байна. 2015 он гэхэд хятад, африкийн худалдааны тооцооны 40% нь юаньд шилжинэ. Ази тивийн зарим нэг улсууд долларын эзлэх жинг багасгахын тулд валютын сагсаа юаниар дүүргэж байна. Тайландын төв банк 7 тэрбум юань худалдаж авсан байна. Юань худалдаж авахад бэлэн байна гэж Филиппин улс зарлаад байна. Наньниньд болж өнгөрсөн Хятад-АСЕАН-ы 8-р яармагын дүнгээс харахад харилцан тооцоондоо юанийг хэрэглэх шийдвэр гаргах цаг тун ойрхон байгаа бололтой. Европын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн тодорхой бус байдлаас болж санхүүгийн шинэ хямралын эрсдэл өсөж байгаа нь АСЕАН-ы орнуудыг иймэрхүү байдалд хүргэж байгаа бололтой. Тэгээд  хэд хэдэн улсууд Хятад улстай юаниар худалдаа хийсэн эерэг жишээ байна. Доллар, иен, евро эрс хэлбэлзэж эхэлсэн 3 жилийн хугацаанд Индонез, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Аргентин, Белорус, Исланд улсууд Хятад улстай валютын солилцооны тухай гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлвэл харилцан тооцоондоо доллар хэрэглэхгүйгээр үндэсний валютаараа тооцоо  хийнэ гэсэн үг.

   Энэ зун АНУ-д тенхикийн дефолт болно гэж болгоомжилж байх яг тэр үед хилйн чанадад юанийн ашгаас олсон хөрөнгийг хятадад хөрөнгө оруулахдаа гадаадын компаниудад ашиглаж болно гэж Хятад улс зөвшөөрсөн байна. Ер нь өрсөлдөөн бол тодорхой болсон гэхдээ юань бүрэн “чөлөөт” болтол хол байна даа гэж Фондын зах зээлийн хүрээлэнгийн шинжээч Игорь Костиков тэмдэглээд «Юань бол бүрэн хөрөвдөг валют биш ээ. Хятадын төр засаг зохицуулж байдаг тогтсон ханш байдаг. Энэ механизм байсан цагт юань нөөцийн валют болно гэж ярих нь эрт байна. Хятад улс валютын механизмийг төгс либералчлуулах ажлыг хэзээч хийхгүй. Ингэвэл хямд импорт, үнэтэй экспортын дэвсгэр дээр түүний эдийн засгийн өсөлт нь шууд унана. Ойрын 10 жилд хятадын юань нөөцийн валют болно гэж бодохгүй байна. Харин 10 жилийн дараа магадгүй юм» гэлээ.АНУ, Их Британи улсаас дэлхийн томоохон эдийн засагтай улс гэсэн статусыг булааж авснаас хойш 10 жилийн дараа фунд стерлингийг шахаж доллар дэлхийн валют болсон билээ. Юань энэ замыг туулж чадах уу? Хятад улс 8-10 жилийн дараа л АНУ-ыг гүйцэн дэлхийн томоохон эдийн засагтай улс болно.