2020 он гэхэд дэлхийн ДНБ-ний 50 хувь нь хөгжиж байгаа зах зээлтэй орнуудад ногдоно гэж Oxford Economics   хүрээлэнгтэй хамтран «Эрчимтэй хөгжиж байгаа зах зээлүүдийн хөгжлийн таамаглалыг» зохиосон Ernst&Young аудитын компанийн шинжээчид үзэж байна. Нэлээд өндөр хурдацтай хөгжиж байгаа томоохон 25 зах зээл Ernst&Young компанийн цэст багтсан байна. Эдгээр нь юуны түрүүнд БРИКС бүлгийн Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ болон  Дорнод Европ, Латин Америк, Ази, Ойрхи Дорнодын бусад орнуудын зах зээл билээ. Тэдгээрийн эдийн засаг жилд дунджаар 5,8 хувиар өсөн нэмэгдэж байна. Катар мөн үзүүлэлтээр 1-р байр эзлэж байгаа хийгээд БРИКС бүлгийн орнууд эхний арвант багтав. Эдгээр улсын эдийн засаг хэд хэдэн жилийн өмнө  эрчимтэй хөгжиж эхлэж, одоо тогтвортой өндөр хурдацтай хөгжиж байна.

      БРИКС бүлгийн орнууд  энэ талаар онцгой байр эзлэж байна. 2050 он гэхэд тэдгээрийн нийт эдийн засаг дэлхийн хамгийн баян хөгжингүй долоон орныхоос давна гэж Goldman Sachs компанийн шинжээчид үзэж байна. Эдүгээ тус бүлэг  эдийн засаг бүр улс төрийн чухал хэд хэдэн үүргийг биелүүлж, хөгжиж буй бүх зах зээлд ашиг тустай болсон гэж Михаил Головин тэмдэглээд «Мэдээжээр эдийн засгийн хөжлийн загвар өөр өөр байна. Тухайлбал Хятадын эдийн засаг нэмүү өртөгийн доод хувь хэмжээнээс аж үйлдвэрийн илүү хөгжсөн салбарт аажмаар шилжиж байна. Энэтхэгт технологийн хөгжил нэлээд өндөр байсан ч хүн амын аж байдал урьдын адил сул дорой хэвээр байна. Оросын  эдийн засгийн хөгжилд түүхий эд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэвч эдийн засгийн хэр хэмжээ эдгээр улсыг нэгтгэсэн. Тэдгээр нь  нэг ёсны зүтгүүр болж, дэлхийн эдийн засгийн системийн өөрчлөлтэд тус дөхөм үзүүлэхийн тулд  улс төр,эдийн засгийн янз бүрийн форумд хөгжиж буй зах зээлүүдийн ашиг сонирхолыг төлөөлж байна» гэв.

      Хөгжиж байгаа зах зээлүүд дэлхийн эдийн засгийн хүрээнд эн түрүүнд гарсан явдал хөгжингүй орнуудын хөгжлийг бууруулж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Юу гэвэл хямралт бүх үзэгдэл хөгжингүй орнуудад хүчтэй илэрсэн гэж шинжээч Александр Трифонов хэлээд «Европын холбооны гишүүн хөгжингүй орнууд болон АНУ магадгүй Японы хувь хэмжээ дэлхийн эдийн засагт багасаж,40-50 хувь болох бололтой. Харин дэлхийн эдийн засагт гарцаагүй гарах чанарын өөрчлөлтийг харгалзан үзэх хэрэгтэй. Энэ нь хөгжиж байгаа орнууд түүнчлэн БРИКС бүлгийн гишүүдийн хувь хэмжээг нэмэгдүүлж мэднэ. Юуны түрүүнд Бразили, Хятад хоёр улсын  бодит эдийн засаг хөгжиж байгаа учир буурал нь  тийм их болохгүй» гэв.Санхүүгийн хямрал ахин гарвал чухам эрчимтэй хөгжиж буй зах зээлтэй орнууд тухайлбал БРИКС бүлгийн гишүүд дэлхийн эдийн засгийг аварч болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Эдүгээ эдгээр улс хожмын донсолгоонд бэлтгэл хийж, эдийн засагт туслах хөтөлбөрийг зогсоож, төсвийн зардлыг багасгаж, зээлийн хүүг нэмэгдүүлж байна. Ийм ухаалаг арга хэмжээ болон эдийн засгийн таатай уур амьсгал эдгээр улсыг дэлхийн эдийн засгийн түшиг тулгуур болгож байна.