Алс Дорнодод алт олборлож ирсэн түүхэнд хамгийн томд орох 7 кг 655 грамм цул алтыг «Иркиндан» орд газраас олж илрүүллээ.  Энэ алт Орос улсын гол Алмаз эрдэнийн музейн санд удахгүй багтах юм. Хабаровск хязгаарын «Восток» үйлдвэрийн олборлогчид хагас сая гаруй долларын үнэтэй цул алтыг олжээ. Александр Старовойтов чулуулаг угаах үеэр гялалзсан том үнэт чулуу- цул алтыг  харсан байна.914 сорьцын алт гэдгийг   шинжилгээний  дүн батлав. Хосгүй энэ олдвор алт олборлогч үйлдвэрийн ойд барьсан нэг ёсны бэлэг болов. Олборлогчид цул алтыг «Восток» үйлдвэрийн 40 жилийн ой» хэмээн нэрлэхийг санаачлав. Одоо цул алтыг Алмаз эрдэнийн музейн санд шилжүүлэх  Улсын сангийн ажилтнуудтай  хэлэлцээ хийж байна. Энэ нь нарийн түвэгтэй үйл явц юм. Цул алт  их эрэлт хэрэгцээтэй байгаа учраас мөн алтны бодит үнэ нэрийдсэн өртөгөөс нь илүү өндөр байж болно гэж «Восток» алт олборлогч үйлдвэрийн дарга Геннадий Малышевский «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Дэлхий даяар баримжаалах үнээр алтыг үнэлдэг. Гэвч хосгүй цул алтны үнэ түүнээс илүү өндөр байна. Цул алт цуглуулдаг тэрбумтнууд гурав, дөрөв дахин өндөр үнээр авч мэднэ. Улсын сан бидний саналыг харгалзан үнэ тогтооно» гэв.

   Сүүлийн үед томоохон цул алт өнгөрсөн онд Калифорнид олжээ. 3 кг 100 грамм цул алтыг үнэ дуудан 400 мянган доллараар худалдсан байна. Ойрын үед Хабаровск хязгаарын цул алт дэлхийд хамгийн том алт, цагаан алтны цуглуулгатай Алмаз эрдэнийн музейн санд зохих байр суурь эзлэнэ. Түүнийг Персийн хаад, Их Британийн вангийн эрдэнийн сантай зүйрүүлж болно. Алмаз эрдэнийн музейн сангийн үзмэрүүдийг сонирхох хүн нарны туяанаас хамгаалах нүдний шилтэй очвол зохимтой. Гялалзсан эрдэнэ хараанд нөлөөлөх болохоор ийм яриа  үндэстэй юм. Оросын хамгийн баян музейн  байгалийн гайхамшигт бүтээлүүдийн цуглуулга үнэхээр бишрүүлж байна. Дэлхийн хамгийн том Их гурвалжин гэсэн 36 кг жинтэй цул алт тэнд хадгалагдаж байна. Олборлогч Никифор Сюткин түүнийг 1842 онд өмнөд уралын орд газраас олжээ. «Мефистофель» хэмээн нэрлэсэн цул алт дөнгөж 20 грамм жинтэй боловч үзэгч олны гайхал төрүүлдэг. Хар хилэн  дээр тавьж үзүүлж буй цул алт Мефистофелийн хажуу талтай төстэй. Байгалийн бүтээл юм уу эсвэл хүний гараар хийсэн зүйл юм уу гэж Алс Дорнодын Магадан мужад түүнийг олсон олборлогчид эргэлзсэн байна. «Мефистофель» цул алт  бол байгалийн бүтээл гэдгийг нарийн судалгаа шинжилгээний дүн нотлон харуулсан.