Зөвлөлтээс хойшхи орон зайд хэлхээ холбоог бэхжүүлэх нь сүүлийн үед Владимир Путины хэлсэн үгнүүдийн гол санаа боллоо. Оросын ерөнхий сайд энэ долоо хоногт улс орныхоо тэргүүлэх телевизийн сувгуудын удирдагчдад өгсөн ярилцлагдаа болон Санкт-Петербургад ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нартай уулзахдаа мөн үзэл санааг үргэлжлүүлэн хөгжүүлэв. Практик алхам ч хийжээ. 10-р сарын 18-нд хамтын нөхөрлөлийн орнуудын ерөнхий сайд нар ТУХН-ийн хүрээнд чөлөөт худалдааны бүсийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурав. Владимир Путин ирээдүйн сонгуулийн дүнгээр ерөнхийлөгч болвол тавих үндсэн зорилгоо тодорхойлсон хэмээн оросын шинжээчид үзэж байна. Эдгээр нь урагш ахих, эдийн засгийг орчин цагийн шинэ сууринд хамгийн гол нь оросын хүн амын аж байдлыг сайжруулах зорилгоор тал бүрээр хөгжүүлэх зорилго билээ. Үүний хамт санал хураалтын дүн ямар болохыг урьдчилан лавтай хэлж болно гэсэн яриа тархсан ч чухам хэн ерөнхийлөгч болох асуудал шийдвэрлэгдээгүйг ерөнхий сайд онцлоод: «Намайг сонгуульд оролцуулвал сонголт хийх аргагүй болно гэж шүүмжлэгчид ярьцгааж байна. Гэвч эгэл жирийн иргэн ямагт сонголт хийх боломжтой байна» гэв. 2012 оны сонгуулиас хойш Орос улсын бодлого эрс өөрчлөгдөнө гэж сүүлийн үед өрнөдийн хэвлэл лүндэн буулгаж байна. Медведев хүмүүнлэгийн бодлого баримталж байна. Энэ нь эрүүгийн хууль тогтоомж, засан шийтгэх системийг өөрчлөснөөр илэрсэн гэж өрнөдийнхөн үзэж байна. Харин Путин «хатуу бодлогот төр улсын төлөө байна» гэж тэд үздэг. Гэсэн ч бодлогод эрс эргэлт гарахгүй. Манай орны өнөөгийн ерөнхийлөгч ба ерөнхий сайдын санал улс орныхоо стратегийн хөгжлийн асуудлаар нийцэж байна гэж Владимир Путин онцлов. Евразийн холбоог байгуулах үзэл санаа болон тус төлөвлөгөөг өрнөдийхөн ЗХУ-ыг сэргэн босгох гэсэн эрмэлзлэлийн илрэл хэмээн үзсэнд ерөнхий сайдын анхаарлыг хандуулсан байна. Гишүүн орнуудын бүрэн эрх мэдлийг хэвээр хадгалах нөхцөлд Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо ба Эдийн засгийн нэгдсэн орон зайн үндсэн дээр эдийн засгийг нэгтгэх тухай өгүүлж байна гэж ерөнхий сайд онцлоод: «Эхлээд бид Гаалийн холбоог байгуулсан. Эдийн засгийн нэгдсэн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллаж эхлэнэ. Ажлынхаа явцад олон нормативын баримт бичиг батлаж, улс орнуудынхаа хууль тогтоомжид өөрчлөлт арга буюу оруулах юм. 2015 он гэхэд өнөөгийн адил эрчимтэй ажиллагаа явуулвал Евразийн холбоог байгуулах саналыг хэрэгжүүлж эхлэнэ. Тухайлбал визийн дэглэмийн хүрээнд интеграцчилна» гэв. Байдлаас харахад хамтын нөхөрлөлд нэгдсэн Оросын түнш орнуудын удирдагчид ч ТУХН-ийн орнуудын чадавхийг нийлүүлснээр олох ашгийг тооцоолжээ. 10-р сарын 18-нд ТУХН-ийн орнуудын ерөнхий сайд нар чөлөөт худалдааны бүсийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурав. Оросын ерөнхий сайд мөн баримт бичгийг «бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг угтан дэмжих алхам» хэмээн нэрлэжээ. Бараа таваарыг гишүүн орнуудын зах зээлд илүү хямд үнээр гаргаж, үйлдвэрлэлийг дагнан хоршоолох нөхцөлийг бүрдүүлнэ. Гэрээ 2012 оны 1-р сард хүчин төгөлдөр болох юм.