ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Голос России», «Эхо Москвы», «Радио России» зэрэг улс орныхоо гурван радиостанцад шууд ярилцлага өгөв. Тэрээр хоёр цагийн ярилцлагын үеэр Хойд Африк, Ойрхи Дорнодын орнуудын байдал ба ПДХ систем, ОХУ АНУ-ын хоорондын харилцаатай холбоотой асуултуудад хуриулав. Ливийн агаарын орон зайг хориотой бүс болгох НҮБ-ын АЗ-ийн тогтоол тус улсад ямар хор холбогдолтой болохыг 3-р сард хэлэхэд хэцүү байсан. НАТО-гийн орнууд тогтоолыг Ливид дайн дэгдээж, Муаммар Каддафийг олж хөнөөх зорилгоор хэрэглэв. Каддафийг хөнөөсөн. Гэвч Ливи болон бүс нутгийн өөр улс орнуудын хэтийн төлөв тодорхой биш байна. Өрнөдийнхөн ливийн хувьсгалын хувилбарыг бараг ирээдүйн загвар мэтээр харуулав. Ливийн хувьсгал гэгчийн хувилбарыг бусад оронд үлгэр жишээ болгох гэсэн оролдлого бүс нутагт хүч хэрэглэх ажиллагааг л гааруулна гэж Сергей Лавров онцлоод: «Ийм чиг бодлого хүч хэрэглэх ажиллагаа өдөөх уршигтай болно. Дашрамд хэлэхэд Египетийн байдал тайван болсон мэт санагдсан ч ийм хэрэг явдал болж байна. «Чи муу муухай. Иймээс чамтай ямар ч яриа хэлэлцээ хийхгүй. Чи огцрох ёстой» гэсэн байр суурь дэлхийн хамтын нийгэмлэг цаашид  баримтлавал хүч хэрэглэх ажиллагааа, тэмцэл хөдөлгөөн гаарна. Мөргөлдөөн гарсан аль ч улс хувийн аминч биш улс орныхоо л ашиг сонирхолыг бодож хэлэлцээ хийж, тохиролцох ёстой гэж бид үзэж байна» гэв. АЗ Сирийн хувь заяаг бас авч үзэж хэлэлцлээ. АЗ-ийн гишүүдийн санал эл асуудлаар зөрөлдснийг Оросын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэв. Орос Хятад хоёр улс Сирийн эсрэг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн тогтоолд хориг тавив. Ерөнхийлөгч Башар Асад тэргүүтэй засгийн газарт бүх гэм бурууг тулгажээ. Энэ нь өрөөсгөл тайлбар хэмээн Орос улс үзэж байгааг Лавров тэмдэглэв.  Гэвч Орос улс ба өрнөдийн түншүүдий нь санал ойрхи дорнодын төдийгүй өөр зарим асуудлаар нийцэхгүй байна. Оросын саналыг харгалзан үзэлгүй байгуулж байгаа Европын ПДХ систем маргаан үүсгэв. АНУ ПДХ бамбайг байгуулах төлөвлөгөөгөө биелүүлвэл тус систем 2018-2020 он гэхэд Орос улсад ноцтой аюул учруулна. Москва үүнийг харгалзан үзэхгүй байж чадахгүй гэж Лавров онцлоод: «ПДХ асуудлыг зөрчил үүсгэх хүрээнээс стратегийн түншлэл, бүр холбоотны хүрээнд шилжүүлвэл зохино. Хэрэв Орос улс, АНУ ба Орос-НАТО зөвлөлд багтсан бусад орон чадавхиа нэгтгэж, евроатлантын орон зайд хэнд ч заналхийлэлгүй гаднын аюулыг л  няцаах системийг байгуулахаар тохиролцвол асар их эргэлт гарна. Тэгвэл бид хүйтэн дайнаас бүрмөсөн ангижрана» гэв. Хүйтэн дайны үлдэгдэл «зааглах шугам» болсон гэж Сергей Лавров үзэж байна. НАТО ямагт хэн нэгний эсрэг байдаг гэсэн үзэл санааг арилгахад хэцүү. Гэвч  НАТО-г ЗХУ ба Варшавын  гэрээний байгууллагыг сөрөн зогсохоор байгуулсан дэг журам аль хэдийнэ үгүй болсон байна. Гадаад хэргийн сайдын ярилцлага хоёр цаг үргэлжлэсэн ч олон асуудлыг хамраагүй. Гурван радиостанц ярилцлагыг үргэлжлүүнэ гэдэгт найдаж байна. Сергей Лавров тэгэх зөвшөөрөл урьдчилан өгчээ.