“ОДХ” радио оросын эртний хотууд болон олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал нэвтрүүлэг явуулдаг билээ. ОУ-ын европын хэсгийн төв хэсэгт оршдог эртний Владимир хотоос хэдхэн километрт байдаг том биш Боголюбово тосгоноор өнөөдөр бид аялах болно. Энэ тосгоны нутаг дэвсгэр дээр 12-р зуунд хамаарах байшин барилгууд үлдсэн юм. Тэр үед энд Андрей Боголюбскийн ордны гайхамшигтай хашаа байшин байрлаж байсан байна. Өнөөдрийн байдлаар энэ ордны зарим хэсэг болон хуйвалдагчид Андрей Боголюбскийн амь насыг хороосон шатны хэсэг л үлдсэн юм. Эртний оросын цагаан чулууны нэрийн хуудас болсон Нерли дэх алдартай агуу том Покровын сүм холгүй харагдаж байна. Энэ сүмийг Боголюбский дайны талбарт амь үрэгдсэн хайрт хүү Изяславдаа зориулж босгосон юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сангийн нэрсийн жагсаалтад энэ сүм хүндтэй байр эзэлдэг юм. Андрей Боголюбский бол агуу эзлэн түрэмгийлэгч, хэмжээгүй эрхт засаглагч байсан юм. Тэрээр Киевийн Русийн эзэгнэгч гэдгээ өрсөлдөгчдөөрөө хүлээн зөвшөөрүүлж чадсан боловч Киевийн хаан ширээнд суухыг хүсээгүй юм. Киев түүнд огт таалагдаагүй байна. Андрей ноён Владимир хотод суурьшсан байна. Маш сайн бэхжүүлсэн цайз гэж үзэж байсан Боголюбово суурин түүний хотын захын ордон нь болж байсан юм. Боголюбовод ноён Андрей аян дайны дараа амарч, дараагийн аян дайндаа бэлтгэдэг байсан байна. Энэ ноён 63 насандаа “хатуу гараар” барьж байсан язгууртануудын дунд байсан олон олон дайснуудыг дарсан юм. Түүний ойрын хүрээнийхэн урвасан учир тэрээр хуйвалдагчдын гарт амь үрэгдсэн юм. 1174 оны 6-р сарын 29-ны шөнө ноён Андрей унтлагынхаа өрөөнд байхад нь хуйвалдагчид дайран орж түүнийг кинжаал хутгаар хэд хэд хутгалаж амь насы нь хороосон юм. Владимир-Суздалийн музей дархан цаазат газрын захирал Светлана Мельникова ингэж ярьж байна: «Цогцсонд хийсэн шинжилгээнээс үзэхэд түүний нуруу, бөөрөнд нь хутгалсан байсан. Андрей үнэхээр хүчтэй хүн байсан учир зохих хариуг нь өгч чадах л байсан. Даанч хуйвалдагчид маш олуулаа байсан бололтой. Тэд түүнийг 20 удаа хутгалсан байгаа юм даа. Харин Андрей ноён тэднээс тойрог шатаар зугтааж нуугдаж чадсан байгаа юм. Хуйвалдагчид түүний цусны мөрөөр түүнийг алж гүйцээсэн байгаа юм. Андрей ноёныг Владимир хотын Успенийн дуганд оршуулсан байна» гэж ярилаа. Алуурчид шархадсан Андрей ноёныг олсон тойрог шатны хэсэг болон шатны хөндий манай үеийг хүртэл хадгалагдан үлдсэн юм. Боголюбово тосгонд хийх аялалын үеэр энэ сүмээс 1,5 километр зайтай байрладаг Нерли дэх Покровын дуганаар заавал орох хэрэгтэй. Энэ сүмийг хоёр голын уулзвар дээр барьсан юм. Ямар нэг барилга барихад үнэхээр тохиромжгүй газар юм гэж Светлана Мельникова ярьж байна: «Хавар болгон л энэ газар усанд автагддаг байсан юм. Гудмаар хүрээлэгдсэн сүмийг усанд автуулахгүйн тулд сайн бэхжүүлсэн хиймэл дов толгой барих хүнд хэцүү зорилтыг барилгачид шийдэж чадсан юм. Эхлээд энэ толгойг цагаан чулуугаар бүрж хоёр гол руу орсон шат хийсэн байна. Энэ сүмийн талаар маш олон таагдашгүй оньсого байсаар байна. Цаг хугацааны эрхээр энэ сүм нүүр царайгаа өрчилж одоо уянгын халилтай болж байна. Түүнийг “Орос орны агуу их залбирал” гэж тохиолдолоор нэрлээгүй байхаа» гэж тэр ярилаа. Энэ сүм рүү очих машины зам байхгүй түүн рүү зөвхөн нуга дундуур л явган очиж болно. Ялангуяа зун бол үнэхээр сайхан гэхдээ ямар улирал байх нь тийм ч гол биш. Өвөл гэхэд цав цагаан хивсэн дээгүүр явж байгаа мэт... Харин хавар бол голын бэлчир сүм хоёр усан дундаас ургаж байна уу гэлтэй харгданаа.