Ливийн тэргүүн асан Каддафиг устгасны дараа тус улсын байдал хурдан тогтворжино гэдэгт Бээжин найдаж байна. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Зян Юйгийн тус яамны сайт дээр нийтлүүлсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. “Ливи улсын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Нийгмийн байдлыг даруй зохицуулж, улс орны болон үндэстний эв нэгдлийг хангах бүх нийтийг хамарсан улс төрийн шилжилтийн үйл явцыг  эхлэнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ. Каддафийг устгасан нөхцөл байдлын талаар үнэлгээ өгөхөөс ГХЯ түдгэлзсэн байна. Хятад улс зохих мэдээлэлд анхаарлаа хандуулж байна гэж Зян Юй тэмдэглэсэн байна. Өнгөрсөн 8-р сард түлхэн унагаагдсан Ливи улсын тэргүүн Муаммар Каддафи өчигдөр босогчдын хүчин Сирт хотыг эзлэх үеэр алагдлаа. Каддафи алагдсан нөхцөл байдлыг нарийн мөрдөн шалгах хэрэгтэй гэж “Олон улсын өршөөл” байгууллагын хууль хамгаалагчид мэдэгдсэн байна.