Ливийн дарангуйлагч хурандаа Муаммар Каддафийг устгасны дараа ялагдсан талын ашиг сонирхолыг хамгаалах нь чухал. ОХУ-ын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Константин Косачёв “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна. Каддафийн үхлээр бүхэл бүтэн эрин зуун дууслаа гэж тэр хэлсэн байна. Одоо Ливи улсын хувьд хамгийн гол асуудал бол хэн дайнд ялсан бэ гэдэг нь биш хэн “энх тайвныг яаж авчирах вэ” гэдэг нь чухал юм. Энэ асуудал тийм тодорхой биш байна гэж оросын улс төрч үзэж байна. Иракын байдлыг давтах нь Ливийн хувьд хамгийн муу хувилбар болно. Ливийн байдлыг дарангуйлагчийн эсрэг ард түмний ялалт гэж үзэх нь хэт хялбаржуулсан хэрэг болно. Түлхэн унагаагдсан дарангуйлагчид харгис байсан ч гэлээ тэнцвэрийг хадгалж байсан юм. Аль нэг талын ялалт гэдэг шинэ цус урсгалтад хүргэж мэднэ. Үүнээс л зайлсхийх хэрэгтэй бөгөөд босогчдыг улаан цайм дэмжиж байсан хэн бүхэнд маш өндөр хариуцлага тулгарч байна гэж оросын улс төрч тэмдэглэлээ. Хамгийн гол нь бүх талуудын тэр дундаа ялагдсан гэж үзэж байгаа тэр талынхны эрхийг хамгаалах нь чухал байна гэж Косачев хэллээ. Ингэсэн тохиолдолд ард түмэн ялсан гэж ярьж болох юм. Харин ард түмний аль нэг тал нь нөгөө талаа ялсан гэж ярих нь ирээдүйн мөргөлдөөний үндэс болж мэднэ. Түүнээс гадна Каддафийн үхлийн тухай бодитой мэдээллийг гаргах хэрэгтэй. Түүний үхэл үнэхээр олон хүнд хэрэгтэй байсан даа, үнэнийг хэлэхэд энэ нь “явдаг Викиликс” байлаа даа гэж Косачев хэллээ. Өнгөрсөн 8-р сард түлхэн унагаагдсан Ливи улсын тэргүүн Муаммар Каддафи өчигдөр босогчдын хүчин Сирт хотыг эзлэх үеэр алагдлаа. Каддафи алагдсан нөхцөл байдлыг нарийн мөрдөн шалгах хэрэгтэй гэж “Олон улсын өршөөл” байгууллагын хууль хамгаалагчид мэдэгдсэн байна.