0Өнгөрсөн 8-р сард түлхэн унагаагдсан Ливи улсын тэргүүн Муаммар Каддафи өчигдөр босогчдын хүчин Сирт хотыг эзлэх үеэр алагдлаа. Каддафиг эмнэлэг рүү авч явсан машин шуурган галд өртсний дараа тэрээр толгойдоо үхлийн шарх авсан  гэж ливийн ШҮЗ-ийн гүйцэтгэх хорооны дарга Махмуд Жабриль мэдэгдсэн байна. Ливи улсын тэргүүн асан чухам хэний суманд оногдож амь насаа алдсан нь тодорхой бус байна гэж ШҮЗ-ийн төлөөлөгч ярьжээ. Каддафи алагдсан нөхцөл байдлыг нарийн мөрдөн шалгах хэрэгтэй гэж “Олон улсын өршөөл” байгууллагын хууль хамгаалагчид мэдэгдсэн байна. Жамахирийн эсрэг босогчдын тэмцлийн билиг тэмдэг болсон Мисурата хотод Каддафигийн цогцсыг хүргэжээ. Өнөөдөр Муаммар Каддафиг лалын шашны ёс жаягын дагуу нууц газар оршуулах болно. Хоёрдугаар сард хувьсгалт үйл явдал эхлэхэд л дарангуйлагч эх орноо орхиж явахгүй эцсээ хүртэл тэмцэнэ гэж мэдэгдэж байсан юм. Мягмар гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Триполид ирсээд Каддафиг нэн даруй баривчлах буюу устгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Каддафиг устгасан явдал Ливи улсад түүхийн “шинэ хуудас нээх” боломжийг олголоо гэж дэлхийн томоохон гүрнүүдийн тэргүүнүүд мэдэгдлээ. Каддафийн үхэл босогчид болон дэлхийн хамтын нийгэмлэгийг урт хугацааны шүүх ажиллагаатай зууралдах хүнд ажлаас ангижруулж өглөө. Иракын ерөнхийлөгч Саддам Хусейнийг шүүх ажиллагааг санах юм бол дарангуйлагч асныг ёс төдий шалтгаанаар шүүнэ гэдэг үнэхээр хэцүү гэж оросын улс төр судлаач Федор Лукьянов үзэж байна. Каддафийн үхлээс хойш Ливи улсын шинэ төр засаг хамгийн хүнд хэцүү үетэйгээ тулгарах болно. Түүний талынхан партизаны дайн хийх нь юу л бол Ливи улсыг хатуу гарын дор нэгдмэл байлгаж байсан, харин одоо улс орны автономчлох үйл явдал эхлэх байх гэж шинжээч “Ведомости” сонинд мэдэгдсэн байна.