Европ, Азийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ улам их хүрээг хамарч байна. Гаалийн холбооны гишүүн Орос, Белорусс, Казахстан улсуудын засгийн газрын тэргүүнүүд энэ холбоог байгуулах тухай тунхагын төслийг зөвшилцсөн байна. “Манай орнуудын ерөнхийлөгчид 12-р сар гэхэд энэ тунхагт гарын үсэг зурна гэдэгт найдаж байна гэж” Санкт-Петербургт болсон ТУХН-ийн орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн хоёр өдрийн уулзалтын дүнг гаргаж хэлэхдээ ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин тэмдэглэсэн байна. Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграцчлах явц хэлэлцсэн хэргийн анхаарлын төвд байлаа.Хамтын нөхөрлөлийн хүрээн дэх интеграцийн асуудлыг хоёр өдрийн уулзалтын хэлэлцсэн хэргийн төлөвлөгөөнөөс харж болох байлаа. Эхлээд ТУХН-ийн улсуудын засгийн газрын тэргүүнүүд хэлэлцээ хийлээ. Үүний үр дүнд найман улсын газар нутаг дээр үйлчлэх чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хоёр дахь өдөр нь ЕАЭЗХ байгуулах тухай тунхагийн төслийг Орос, Белорусс, Казахстан улсууд зөвшилцсөн байна. Европ, Ази тивийн шинэ интеграцчлалын төслийн тухай В. Путин саяхан “Известия” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичсэн юм. Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зай ирээдүйн ЕАЭЗХ-ны үндэс нь болно. “Орчин үеийн дэлхий ертөнцийн нэг туйл болж чадахуйц үндэстнээс дээгүүр хүчирхэг загварыг бий болгохыг бид санал болгож байна. Тэгэхдээ бас Европ болон эрчимтэй хөгжиж байгаа АНД-н бүс нутгийг хооронд үр ашигтай “холбогч”-ийн үүрэг гүйцэтгэх ёстой” юм.

   Байгалийн баялаг, нөөц бололцоо, хүний нөөцөө нийлүүлэхээр ЕАЭЗХ аж үйлдвэрлэл болон технологийн хөөцөлдөөнд өрсөлдөх чадвартай болно. Үндсэн болон бүс нутгийн бүтэцүүд болох ЕХ, АНУ, Хятад, АНДЭЗХН зэрэгтэй хамт даяарчлалын хөгжлийн тогтвортой байдлыг хангах болно гэж оросын ерөнхий сайд бичсэн юм. Хамгийн гол нь ЕАЭЗХ нь төсөл бөгөөд хэн бүхэнд нээлттэй юм. Хэрвээ шинэ гишүүд холбогдох юм бол дуртайяа хүлээн авах болно. “ЕАЭЗХ нь олон талт интеграцийн зарчим дээр зах зээлийн хууль болон ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлээр нэгдсэн Их Европ тивийн салашгүй нэг хэсэг байх болно” гэж В.Путины өгүүлэлд бичсэн байна. “ЕАЭЗХ-г ихээхэн ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Интеграцийн энэ төслийг бид амьдралд дэс дараатайгаар хэрэгжүүлэх болно” гэж В.Путин тэмдэглээд: «Бид эхлээд Гаалийн холбоо байгуулсан. Ирэх жилийн 1-р сарын 1-нээс эхлэн Эдийн засгийн нэгдсэн орон зайн механизм ажиллаж эхлэх ёстой. Эдгээр ажлын явцад манай орнуудад үйлчилж байгаа хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах болон маш олон нормативын актуудыг батлах хэрэгтэй болно. Хэрвээ бид одоо ажиллаж байгаа шигээ ийм эрчимтэй ажиллах юм бол 2015 оны босгон дээр ЕАЭЗХ байгуулах зорилгын хүрээнд жишээ нь, визийн горимыг өөрчлөх болно» гэлээ. ТУХН-ийн орнуудын  засгийн газрын тэргүүнүүд Санкт-Петербургт цаашдын интеграцийг сонирхож байгаагаа баталлаа. Гаалийн холбоонд удахгүй Киргиз улс нэгдэх бололтой. Санкт-Петербургт болсон ТУХН-ийн улсуудын засгийн тэргүүнүүдийн уулзалт дээр лхагва гаригт тэдний өргөдлийг сайшаасан байна. Дараагийн ээлжинд Тажикистан улс элсэх гэж байна. Энэ байгууллагад элсэх сонирхолтой байгаагаа Монгол улс удаа дараа мэдэгдээд байна. Гаалийн холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулахыг Сири улс сонирхож байгаа бөгөөд гэрээний төслийг боловсруулаад байна. Шинэ Зеланд, Вьетнам улсууд Гаалийн холбоотой чөлөөт худалдаа хийх хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна.