ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүд хамтын нөхөрлөлийн нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны бүс байгуулах тухай Гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь өчигдөр Санкт-Петербургад хийсэн олон цаг үргэлжилсэн уулзалтын үр дүн юм. ТУХН-ийн  орнуудын ерөнхий сайд нар шинэ Гэрээний зүйл ангийг орой хүртэл нухацтай хэлэлцсэн байна. ТУХН-ийн гишүүн орнуудын  засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн гишүүдийн ярьснаар  шинэ Гэрээ илүү гүнзгийрүүлсэн  интеграцийн үндэс, Евразийн эдийн засгийн холбоог байгуулах эхлэл болох юм. ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин саяхан «Известия» сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ийм холбоо  байгуулах саналыг үндэслэн тавьжээ.ТУХН-йн хүрээнд худалдаа хийх дүрмийн асуудлаар 10 гаруй жилийн турш хэлэлцээ хийсэн ч тохиролцож чадаагүй байсан. 1994 онд гарын үсэг зурсан анхны Гэрээ  хэрэг дээрээ ажиллахгүй байв. Гэрээний хэд хэдэн зүйл ангийг өөрсдөд  нь ашиггүй хэмээн олон улс орон үзэж, батлахаас татгалзсан юм. Гэсэн ч ТУХН-ийн гишүүн орнуудын бараа бүтээгдэхүүний эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2011 оны эхний хагас жилийн байдлаар бараа бүтээгдэхүүний эргэлт 134 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны үзүүлэлтээс 48 хувиар давжээ. Бид Гэрээ байгуулаагүй нөхцөлд ийнхүү эрчимтэй хөгжиж байгаа болохоор чөлөөт худалдааны бүс ажиллах тохиолдолд ямар байх вэ  гэсэн асуудлыг хамтын нөхөрлөлийн орнуудад тавьж байна.  

      Чөлөөт худалдааны бүсийн тухай Гэрээнд 12-р сард Москвад хамтын нөхөрлөлийн 20 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт дээр гарын үсэг зурахаар төлөвлөсөн билээ. Гэвч ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүд түүнээс эрт гарын үсэг зурахаар тохиролцов. «Үнэн чанартаа энэ баримт бичиг  зөвлөлтөөс хойшхи  орон зайд худалдаа-эдийн засгийн харилцаа холбоог  өөрчлөн хөгжүүлнэ» гэж Владимир Путин тэмдэглээд «Гэрээ олон саад тотгорыг арилгаж, улс хоорондын худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэх замаар чанарын хувьд шинэ түвшинд   хүрэх нь  дамжиггүй. Тэгснээр хамтын нөхөрлөлийг цаашид боловсронгуй болгох бат бэх суурь тавигдана» гэв.

      Шинэ Гэрээнд заасан ёсоор ТУХН-ийн орнууд зах зээлээ харилцан нээж, худалдаа  сааруулсан бэрхшээлийг арилгаж, хэд хэдэн төрлийн бараанд  ногдуулсан экспорт, импортын хураамжийг хүчингүй болгоно. Шинэ Гэрээ эдийн засгийн талаар ашигтай нь тодорхой юм гэж Украины ерөнхий сайд Николай Азаров тэмдэглэн хэлээд «Бид хамтын ажиллагааны хүрээнд үр бүтээлтэй ажиллах чөлөөт худалдааны бүсийг байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь ажлын шинэ байр бий болгож, үйлдвэрүүдээ хөгжүүлэх боломжийг олгох юм. Эдгээр арга хэмжээ  санхүү-эдийн засгийн байдал тогтворгүй болсон өнөөгийн нөхцөлд нэн чухал» гэлээ.Чөлөөт худалдааны тухай Гэрээ ТУХН-ийн хүрээнд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх шинэ боломжийг  нээж өгнө гэдэгт уулзалтад оролцогчид итгэж байна. Бид интеграцийн бүх үйл явцыг сонирхож байна гэж Арменийн засгийн газрын тэргүүн Тигран Саркисян онцлоод «Бид маш түргэн өөрчлөгдэж байгаа дэлхийд аж төрж байна. Улс орнууд улам их харилцан шалтгаалах болсон. Бид эдийн засгийг интеграцчилах орчин цагийн мөрийн хөтөлбөрүүдийг зохиох ёстой. Гарын үсэг зурсан баримт бичиг хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын интеграцийн үйл явц, эдийн засгийн өсөлтэд  түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна» гэв.Өнөөдөр 10-р сарын 19-нд Гаалийн холбооны гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүд  Евразийн эдийн засгийн холбоог байгуулж төлөвшүүлэх тухай Тунхаглалын төслийг авч үзэж хэлэлцэх юм.