10-р сарын 17-нд ОУ-ын ерөнхий сайд В.Путин, тэргүүлэх 3 телевизийн сувагт ярилцлага өглөө. ДХБ-д ОУ элсэх төлөв, эдийн засгийн интеграцчлагдах явц, улс орны улс төрийн чиг баримжаа зэрэг хамгийн өргөн хүрээтэй янз бүрийн асуултад тэрээр хариуллаа. Сүүлийн үед ихэнх хэвлэл тэр дундаа барууны хэвлэлүүдэд 2012 оны сонгуулийн дараа ОУ-ын улс төрийн бодлого эрс өөрчлөгдөнө гэсэн таамаглалыг бичих болсон юм. Ерөнхийлөгч Д.Медведев зөөлөн талыг баримталдаг ба эрүүгийн хууль болон засан хүмүүжүүлэх системүүдэд “хүмүүнлэг” бодлого явуулсан. Харин Путин бол “төр төмөр нүүртэй” гэсэн бодлого баримтладаг гэсэн үүднээс эдгээр зүйлүүдийг бичиж байгаа бололтой. Гэхдээ улс төрд ямар ч огцом эргэлт гарахгүй. Улс орны хөгжлийн стратегийн асуудлаар бидний бодол нэгдмэл гэж В.Путин тайлбарлаж байна. «Бид хоёр ихэр бишээ, бид өөр өөр хүмүүс. Манай нийгмийн амьдралын зарим нэг хүрээнд хүмүүнлэг тийшээ алхам хийх нь зүгээр гэж Дмитрий Анатольевич үзсэн байх. Энэ бол төрийн тэргүүний хувьд түүний эрх. Засаглалыг солих бид хоёрын өөрчлөлтийг сонгогчид хүлээж авах юм бол улсын ерөнхийлөгчийн хувьд Дмиртий Анатольевич Медведевийн хийсэн зүйлийг эрс өөрчлөх бодолгүй байна» гэж В.Путин хэллээ.

   Европ азийн холбоо байгуулах түүний саналыг Барууныхан ЗХУ-ыг сэргээх гэсэн эзэнт гүрний хэнээрхэл гэж үзэж байгаа гэдгийг В.Путинд санууллаа. Эдийн засгийн нэгдсэн орон зай, Гаалийн холбооны үндсэн дээр улсууд эдийн засгийн хувьд нэгдэх асуудлыг ярьж байгаа гэж ерөнхий сайд тэмдэглэлээ. Ийм нэгдэлд багтах улсуудын үйлдвэрлэлийн, тээврийн, дэд бүтэцийн потенциалийг нэгтгэхээс олох ашгийг дутуу үнэлж болохгүй. Харин барууны орнуудын яриа хэлэлцээний хувьд ярих юм бол Европын холбооны улсуудын интеграц нь ЗХУ-ын БН улсуудын хооронд байснаас хамаагүй илүү байгаа шүү дээ. Ийм процессууд Хойд, Өмнөд Америкт ч явагдаж л байна. Энд бас л нөгөө хоёрдмол стандарт нь илэрч байгаа, тэнд бол бүх юм болно, харин ОУ-ын тухайд болохоор л эзэнт гүрний хэнээрхэл гарч ирдэг. Өсөн нэмэгдэж байгаа улсын өр болон мөнгөний ханшны уналттайгаа тэмцэхийг Барууны орны шүүмжлэгчидэд В.Путин зөвлөлөө.

   Зарим нэг шинжээчид тэдний үзэж байгаагаар хямралын үзэгдлийг үр ашигтайгаар сөрөн зогсож чадах эдийн засгийн нээлттэй бодлого баримтлахыг оросын төр засагт санал болгож байна. Энэ үзэл бодлыг ерөнхий сайд тайлбарлахдаа, бид тийм нээлттэй байдлын төлөө зүтгэж байна гэж хэллээ. ДХБ-д улс орныг элсүүлэх төлвийг авч үзэх юм бол хэт их нээлттэй байх нь сайн юманд хүргэхгүй. Одоогийн үе шатан дээр ОУ гэнэтийн зүйлээс өөрийгөө хамгаалсан юм гэж В.Путин тэмдэглээд: «Эдийн засгийн бүхэл бүтэн салбарын хувьд хангалттай урт шилжилтийн үе тохиогоод байна. Манай үйлдвэр, салбарууд өрсөлдөөний орчинд илүү үр дүнтэй ажиллах ёстой гэж үзэж байна. Харин манай улсын иргэд чанар сайтай бараа болон үйлчилгээг боломжийн үнээр авах ёстой. Үнэнийг хэлэхэд үүний төлөө л ДХБ-д элсэх гээд байгаа юм. Манай эдийн засгийн ашиг сонирхолыг хамгаалахад шаардлагатай үзүүлэлтүүдийг тусган цаасан дээр буулгасан тохиолдолд л бид энэ шийдвэрийг хүлээж авна» гэлээ.

   Ярилцлагын үед хямдхан оросын хийг авахыг эрмэлзэж байгаа ОУ-ын ойрын хөрш европын орнуудын тухай болон эрчим хүчний тухай ярилцлаа. Эхний ээлжинд энэ асуудлууд маш хурц мэт харагдаж байлаа ч гэсэн ажлын явцад шийдэгдэж байгаа урсгал асуудлууд юм гэж В.Путин тэмдэглэлээ. Хямдхан хийн жор нь ерөнхий сайдын үзэж байгаагаар маш энгийн юм. «Үүнийг яаж хийх вэ? Өнөөдөр саад болж байгаа зуучлагчдыг л зайлуулах хэрэгтэй. Манай хийг худалдан авч байгаа том компаниуд байгаа, тэд эхний шатанд маржаг аваад л өөрийн цахилгаан станцуудад нийлүүлж байна. Газпром компанид танай цахилгаан станцуудад шууд нийлүүлэх эрх л олгочих л доо, тэгвэл тэр олон зуучлагчид алга болж үнэ шууд л унана шүү дээ. Газпром компанийг эцсийн хэрэглэгчидтэй холбоод өг л дөө тэгвэл бас хэдэн зуучлагчид нисээд л өгнө. Манай түнш орнуудын төсөвт орж байгаа эрчим хүчний нөөцийн тэр тусмаа манай хийд тогтоож байгаа нийгмийн татварын ачаалал нь асар их байгаа юм. Ийм өндөр татварын ачаалалыг барихыг хэн тушаагаад байгаа юм бэ? Багасгаад өгчихөөчөө» гэж В.Путин хэллээ.