Дэлхийн 80 гаруй улсын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон хотуудыг хамарсан эсэргүүцлийн цуглаан жагсаалыг дүгнэж байна. «Уолл-стритийг эзлэцгээе!»дан америкийн  санаачилга олон улсын шинж чанартай боллоо. Одоо бүх тивд эрх баригчдын санхүүгийн болон банкуудын том хөрөнгөтнүүдийн бодлогод дүргүйцэж байгаагаа илэрхийлэв. Социалист үзэл санааг сэргээж байх шиг байна гэж шинжээчид ярьцгаав. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ази, Европ, Хойд, Өмнөд Америкийн орнуудын мэдээллийн агентлагуудын мэдээлэл энэ оны эхээр хувьсгалт Хойд Африкаас ирсэн мэдээллүүдтэй адил төстэй байв. Жагсаалууд олон арван мянган хүнийг нэгтгэв. Тэд санхүүгийн том хөрөнгөтөн, улс төрчид эдийн засгийн хямралыг хариуцах ёстой гэсэн адилхан уриа дэвшүүлжээ. «99 хувь» гэж бичсэн зурагт хуудас өргөн дэлгэрчээ. Дэлхийн дөнгөж 1 хувь болох хамгийн баян хүмүүс  нийгмийн үлэмж хэсгийн ашиг сонирхолыг үл тоомсорлон баяжсаар байгааг мөн зурагт хуудас тусган харуулж байна. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид томоохон хөрөнгөтнүүдийг «санхүүгийн террорист» хэмээн нэрлэжээ.

   Эсэргүүцлийн жагсаал цуглаан Австрали, Шинэ Зеланди,  Азийн орнуудад тайван явагдав. Харин Европ ба АНУ-д байдал эмх замбараагүй болов. Лондонд жагсагчид биржийн байшингийн өмнөх талбайд цугларлаа.Цагдаа нар  тэднийг шахан зайлуулж, Павел гэгээний дуган руу шилжүүлэв. Wikileaks сайтыг зохиосон Жулин Ассанж  жагсагчдидтай нэгдээд банкны бүлгийнхнийг эрс шүүмжлэв. Нийгмийн олон янзын статус, боловсролтой ба янз бүрийн насны хүмүүс жагсаалд оролцсон гэж «Лондоны биржийг эзлэе!» уриан дор болсон тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулсан Спайро Ван Лимвн хэлээд «Эдгээр нь олон улсын асуудал юм. Бид  олон улс орны оршин суугчдыг нэгтгэсэн үнэхээр дэлхийн хөдөлгөөнийг харж байна. Санхүүгийн системийг өөрчлөх ёстой. Тэгснээр засгийн газрууд өөрчлөгдөнө гэсэн үзэл санааг тэд хамгаалж байна. Өнөөгийн ардчилсан систем бидний ашиг сонирхолыг бүрэн тусгахгүй байгааг мэдрэсэн. Том хөрөнгөтөнүүд хүн амын  99 хувийг сөрөн зогсож, дангаар баяжсаар  байна гэж эсэргүүцэгчид үзэж байна» гэлээ.

   Италид эсэргүүцлийн жагсаал түйвээн бусниулах ажиллагаа болж хувирав. Ромд машинуудыг галдан шатааж, дэлгүүрийн цонхнуудыг хагалж эвдэв. АНУ-д  Нью-Йоркын төв Таймс–скверт  хийсэн жагсаал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байв. Хэдэн арван мянган хүн талбайд жагслаа. Цагдаагийнхан  хүч хэрэглэж, 100 гаруй хүнийг саатуулсан байна.Одоо орчин цагийн капитализм, зах зээлийн эдийн засгийн түшиг түлгүүр болсон АНУ-ын шинжээчид эсэргүүцлийн арга хэмжээ  ямар хор уршигт тарих асуудлаар маргалдаж байна. «Вашингтон таймс» сонины  сэтгүүлч, нийгэм судлаач Мэрибет Хикс социализм сэргэн мандахад  итгэлтэй байна. Тэрээр хэлэхдээ «Шинэ залуу үеийнхнийг би нэлээд удаан судласан. Одоо бид америкийн социалистуудын анхны үеийнхнийг харж байна. Зүүний үзэл санаа залуучуудын дотор зонхилж байна. Тэд мөн үзэл санааг манай боловсролын систем, хэвлэл мэдээлийн хэрэгсэл, Интернет ба поп-соёлоос авч байна. Нийгэм  шудрага бус байгааг эсэргүүцэгчид онцлосныг  тэмдэглэмээр байна. Хүмүүс авилгал, шунахай занг илчлэн буруушааж байна» гэв. Сая сая хүн дэлхий даяар жагсаал цуглаанд оролцов. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн  хямрал гүнзгийрэх тусам өргөжиж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Эрх баригчид хүч хэрэглэвэл шинэ шинэ мөргөлдөөнийг өдөөх юм. Эдгээр мөргөлдөөнийг тэд хяналтдаа авч чадах  нь эргэлзээтэй юм.