Арабын орнуудын холбоо Сирийн удирдлага, сөрөг хүчинд хандан тус улсад  цуст ажиллагаагаа зогсоохын тулд байгууллагын хүрээнд яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриаллаа. Арабын орнуудын холбоо Сирийн засгийн газар,сөрөг бүх хүчинтэй зохих харилцаа холбоо тогтооно. Тус холбоо Сирийн үндэсний яриа хэлэлцээний асуудлаархи бага хурлыг 15 өдрийн дотор байгууллагынхаа төв байранд хийлгэх төлөвлөгөөтэй байна гэж Катарын ерөнхий сайд, ГХЯ-ны тэргүүн Хамад бен Жасем Аль Тани өчигдөр Каирт мэдэгдэв.Тэрээр Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн санаачилгаар хийсэн Арабын орнуудын холбооны сайд нарын зөвлелийн хуралдааны дараа мэдэгдэл хийсэн юм. Сирийн дотоодын ба хилийн чанад дахь бүх сөрөг  хүчний төлөөлөгчдийг яриа хэлэлцээнд оролцохыг урих юм. Сирийн засгийн газар, сөрөг хүчинтэй харилцах Катарын ГХ-ийн сайд тэргүүтэй  сайд нарын тусгай комиссыг байгуулж байна. Алжир, Оман, Судан, Египет улсуудын ГХ-ийн сайд нар болон Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби  комиссын бүрэлдэхүүнд орох юм. Сирид хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг арабын орнууд ахин уриалав. Арабын орнуудын холбооны хуралдаан Каирт тус байгууллагын байрны  дэргэд эсэргүүцлийн жагсаал хийж буй нөхцөлд болов. Жагсагчид Египетэд амьдардаг сири хүмүүсийг төлөөлсөн бөгөөд Сирийг  Арабын орнуудын холбооноос хасахыг шаардсан байна.