Энэ долоо хоногт АНУ-аас Москвад суугаа элчин сайд ПДХ асуудлаархи хэлэлцээний төлөвийг бүрэн тодруулав. Элчин сайд Майкл Макфол АНУ-ын конгресст үг хэлэхдээ Вашингтон америкийн ПДХ төсөл ОХУ-ын эсрэг чиглэгдээгүйг хууль ёсоор батлах ямар ч баримт бичигт гарын үсэг зурахгүйг мэдэгдлээ. Москва үүнийг ойлгож, АНУ-ын «ПДХ амжилтын» хариуд «хямд боловч үр бүтээлтэй арга хэмжээ» авах гэж байна. Майкл Макфолын мэдэгдэл АНУ, ОХУ-ын хоорондын хэлэлцээнд дипломат арга ажиллагаа хэрэглэх боломжийг үгүйсгэсэн гэж оросын хэвлэл АНУ-ын элчин сайдын хэлсэн үгийг тайлбарлав. Үнэн чанартаа Макфол ПДХ асуудлаархи хэлэлцээ Москвагийн байр сууринаас болж мухардмал байдалд орсон хэмээн үзэж Орос улсыг буруушаав. Харин ОХУ ПДХ системийг өөрий нь эсрэг үл чиглүүлэх баталгаа өгөхийг л шаардаж байна. Энэ нь зүй ёсны шаардлага билээ. Элчин сайдын хатуу мэдэгдэл оросын сэдвийг хэлэлцэх үеэр америкийн ерөнхийлөгч Барак Обамад дотоод улс төрийн хүчтэй шахалт үзүүлж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Мөн сэдвийг хэд хэдэн жилийн турш хэлэлцсэн ч ПДХ хүрээнд хамтын ажиллагаа урагш ахихгүй байгаа учраас Орос улс америкийн талд ийм шаардлага тавьсныг дурдая. ПДХ асуудлаар зөвшөлцтэл цөмийн тактикийн зэвсгээ хорогдуулахгүй гэж Москвагаас Вашингтонд анхааруулжээ. Өөрийн хариуд Обамагийн засаг захиргаа цөмийн тактикийн зэвсгийг хорогдуулах асуудлыг зэвсэг хураах асуудлаархи дараачийн хэлэлцээний сэдэв болгохыг шаардаж байна. Түүнээс гадна оросын тал ПДХ систем ОХУ-ын эсрэг чиглэгдэхгүйг хууль ёсоор батлахыг шаардаж байна. АНУ ийм баримт бичигт л гарын үсэг зурахаас татгалзаж байгааг элчин сайд Майкл Макфол нотлон харуулсан байна. 2009 оны 9-р сард Барак Обамагийн засаг захиргаа ПДХ системийнхээ нэг хэсгийг Чех Польш хоёр улсад байрлуулахаас татгалзахаар шийдвэрлэснийг дурдая. Вашингтон 2015 оноос наана пуужинг сөнөөх зэвсгээ зөвхөн хөлөг онгоцуудад байрлуулах төлөвлөгөөтэй байсан. Түүнээс хойш ПДХ баазуудаа Дорнод Европт байрлуулахаар төлөвлөсөн билээ. Өнгөрсөн онд Лиссабонд дээд хэмжээний уулзалт дээр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тус тус хариуцах хоёр бус бүхий ПДХ нэгдсэн системийг байгуулахыг НАТО эвсэлд санал болгов. Эвслийнхэн саналыг дэмжилгүй эл асуудлаар хэлэлцээг үргэлжлүүлэх амлалт өгсөн. Тус систем Иран, Умард Солонгосын аюулаас хамгаална гэж батлан илэрхийлсэн билээ. Хэлэлцээ үргэлжилж байх мөртлөө Вашингтон ПДХ системийн нэг хэсгийг байрлуулах хэлэлцээр байгуулаад байна. Ийм гэрээ Румын Турк хоёр улстай байгуулсан хийгээд  мөрдөн шаглах станц Гуржид байгуулагдаж болзошгүй. Дараа нь пуужинг сөнөөх батарей бүхий америкийн хөлөг онгоцууд Испанид байрлах бололтой. АНУ-ын элчин сайд Вашингтоны стратегийг тодорхойлов. ОХУ татгалзсан ч ПДХ системийг байгуулна. Орос улстай хамтран байгуулах саналд Макфол гутрангүй хандаж байна. Москва Вашингтонд хийсэн мэдэгдлийг анхаарч «цэрэг-техникийн хариу өгөх асуудал дээр ажиллаж байна». Цаашид чухам ямар үйл ажиллагаа явуулахыг нийтээр ойлгож байна гэж Кремль мэдээлэв. Асуудлыг «хямдхан боловч маш үр бүтээлтэй арга замаар» шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. «ОДХ» радио хариу арга хэмжээний үг чанарыг шинжээчдээс сонирхож мэдэхийг оролдов. Ямар нэг онцгой арга хэмээ шаардагдахгүй. ПДХ системийн хариуд зөв зохистой арга хэмжээ авахад нь хэдийнэ бэлэн болсон гэж «Независимое военное обозрение» сонины газрын эрхлэгч Виктор Литовкин үзэж байна: «Пуужин-цөмийн тогтоон барих өнөөгийн систем-Орос улсад байгаа стратегийн баллистик пуужин ПДХ системийг давж мэднэ. Гэвч зохион бүтээгчид эдгээр зэвсгийг улам боловсронгүй болгож байна. АНУ-ын ПДХ систем манай стратегийн тогтоон барих цөмийн хүчинд үнэн хэрэг дээр заналхийвэл бид түүнийг давах боломжтой байх болно» гэж Литовкин хэллээ. Орос улсад байгаа тогтоон барих хүч АНУ-аас ПДХ системийн хүрээнд нэвтрүүлэх боловсруулалтаас нэлээд түрүүлсэн гэж зарим шинжээчид тухайлбал Оросын олон улсын аюулгүй байдлын төвийн захирал Алексей Арбатов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хариу арга хэмжээг аль хэдийнэ бэлтгэсэн. Урьд нь байрлуулсан системийг бид америкийн талаас арван жилийн дараа Европт байрлуулах ПДХ системийг харгалзан бүтээсэн юм. ПДХ хамтрасан системийг байгуулах асуудлаархи хэлэлцээ мухардмал байдалд орсон учир америкийн ПДХ системийн хариуд арга хэмжээ авах нь гол төлөв улс төрийн тактик боллоо. Үнэн хэрэг дээр хариу арга хэмжээ аль хэдийнэ бэлэн болсон» гэв. Оросын хил орчимд ПДХ системийг байрлуулсаны хариуд авах арга хэмжээний хэд хэдэн хувилбарыг Москва хэдэн жилийн өмнө мэдээлжээ. «Искандер» пуужингийн цогцолборыг Оросын Калининград мужид байрлуулах нь нэг хувилбар билээ. Өөр үр бүтээлтэй хэд хэдэн хувилбар байгааг Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев тэмдэглээд; «Стратегийн пуужингийн цогцолборын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар цохилтын чадавхийг нэмэгдүүлж болно. Миний бодоход «Ярс» пуужингийн цогцолборыг юуны түрүүнд  авч үзэх бололтой. Энэ нь «Тополь-М»-ын боловсронгүй хувилбар юм. Түүнээс гадна Орос улс «Булава-30» пуужингийн цогцолбор байрлуулах хоёр шумбагч хөлөгтэй. Түүнчлэн агаар-сансрын батлан хамгаалах системийг байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь нэлээд үр бүтээлтэй арга хэмжээ хэмээн оросын удирдлага үзэж байна» гэв. АНУ-аас ПДХ асуудлаар найр тавихгүй бол дэлхийд зэвсэглэлээр хөөцөлдөхийг шатлан өргөжүүлж мэднэ гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-д удаа дараа анхааруулсан юм. Ямар учраас Вашингтон Москвагийн мэдэгдлийг тоомсорлохгүй байна? Орчин цагийн улс төрийн эдийн засаг үүнд хариу өгч байна. Олон арван жил үргэлжлэсэн хүйтэн дайны үед ЗХУ-ыг эсэргүүцэж америкийн цэрэг-аж уйлдвэрийн цогцолбрт  их хэмжээний хөрөнгө чиглүүлсэн билээ. ЗХУ бутарснаас хойш өнөө үед хоёр талын харилцааг сайжруулж эхлэсэн учир цэргийн захиалга багассан нь гэнэтийн таагүй явдал болов. Санхүүгийн хямрал гарч, арабын хувьсгал гэгч Нью Йоркийн гудамжуудад шилжсэн шиг байна. Иймээс америкийн олон улс төрч ялангуяа бүгд найрамдах намын гишүүд гаднын дайсныг ахин эрэх боллоо. Мөн бодлого цэрэг-аж уйлдвэжрийн цогцолборыг захиалгаар хангаж АНУ-ын эдийн засгийг аварч, америкийн эгэл жирийн оршин суугчид ба засгийн эрхэнд байгаа этгээдийн тайван  чинээлэг амьдралыг хангана гэж тэд oзэж байна. Гэвч энэ нь эрсдэлтэй тоглоом юм.