Ираны эсрэг ямарч ажиллагааны хувилбарыг АНУ хэлэлцэхэд бэлэн байна гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Вашигтон Тегераныг алан хядах ажиллагаа явуулах гэсэн гэж буруутгаж байгаа ба Ираны эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахын тулд дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олохын төлөө тэмцэх болно. Энэ “ямарч арга хэмжээ” гэдгээр  чухам юуг хэлж байгааг АНУ-ын ерөнхийлөгч тодруулсангүй. Мэдээж хэрэг энэ нь агаарын цохилт өгөхөөс эхлээд залхаан цээрлүүлэх ажиллагаа байна гэдэг нь хэнд ойлгомжтой гэж ОУШУА-ийн Дорно дахины судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев тэмдэглээд: «Барак Обамагийн мэдэгдэл нилээд буурьтай сонсогдож байна. Яагаад гэвэл одоогийн байдлаар цэргийн талаар хамгийн хүчирхэг улсын ерөнхийлөгч ямарч арга хэмжээ авна гэж мэдэгдэж байгаа бол цэргийн ажиллагаа байхыг үгүйсгэх аргагүй» гэлээ.

  Гадаад улс төрийн бодлогыг зэвсгийн хүчээр шийдэх нь Вашигтоны хувьд жирийн үзэгдэл болсон юм. Зөвхөн сүүлийн 10 жилд гэхэд Югослав, Ирак, Афганистан, Ливи улсуудад ийм байдал тохиолдлоо. Ираны талаарх АНУ-ын ийм төлөвлөгөө эртнээс ажиглагдаж байгаа гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский тэмдэглээд: «Бага Жорж Бушийн үед хэд хэдэн хувилбарыг авч үзэж байсан юм. Ираны цөмийн цогцолбор болон түүнийг хамгаалж байгаа ПДХ системийг устгах хувилбар хүртэл байсан юм. “Лалын хувьсгалын хамгаалагчид” корпуст харьяалагдаж байсан пуужингийн систем, цөмийн цогцолбор болон Ираны цэргийн үндсэн объектуудыг устгах хувилбар бас байлаа. Харин 3 дахь хувилбар нь Иран улсын зам, нисэх онгоцны буудлууд, батлан хамгаалахын, цэргийн, металлургийн, эрчим хүчний бүх үйлдвэрүүдийг устгаж тус улсыг ямарч аж үйлдвэрлэлгүй болгоход оршиж байсан юм» гэв.

  Ираны нутаг дэвсгэр рүү оролгүйгээр энэ хувилбаруудын алийг нь ч АНУ өнөөдөр хэрэгжүүлж чадна гэж шинжээч үзэж байна. Гэхдээ НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр энэ нь боломжгүй юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авахын тулд Иран улсын бурууг хөдөлбөргүй баталсан байх ёстой. Харин Тегеран үүнийг үгүйсгэж байгаа юм. Вашингтонд байгаа Саудын Аравын элчин сайд Адель аль-Жубейрийн амь насыг хороохыг оролцуулаад ираны удирлага хуйвалдаан зохион байгуулсан гэдгийг батлах ноттой баримт байгаа гэж АНУ мэдэгдэж байгаа билээ. Америкчуудын ярьж байгаагаар элчин сайдыг алуулахын тулд 2 иран хүн Мексикт алуурчин хөлсөлсөн байна. Энэ хуйвалдааныг илэрүүлсэн бөгөөд нэг иран хүнийг баривчилан хорьж байгаа бөгөөд нэг нь нуугдсан байна. Шүүх хурал болоогүй сэжиг төдий байхад Барак Обама Ираны эсрэг хорлонтой үйл ажиллагаа үйлдэнэ гэж дэлхийн хамтын нийгэмлэгийг ятгаж байна. Харин зарим нэг нөхдүүдэд Обамагийн хэлсэн үг хангалттай байгаа бололтой. Ираны эсрэг авах америкийн арга хэмжээг бүрэн дэмжихэд бэлэн байна гэдгээ НҮБ-д суугаа Франц улсын байнгын төлөөлөгч Жерар Аро илэрхийллээ.

  Энэ түүхийг сонирхож байгаа талуудын хувьд бодит баримтуудаас асуултууд л их байх шиг байна гэж Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн профессор Сергей Дружиловский тэмдэглээд «Жирийн логик талаас нь авч үзэх юм бол энэ нь жинхэнэ утгагүй зүйл юм. Элчин сайдын эсрэг алан хядах ажиллагаа үйлдэх ямарч шалтгаан Иран улсад байхгүй. Энэ нь Иран улсын эсрэг АНУ-ын явуулж байгаа нөгөө л тоглоомынх нь нэг бололтой. За нэг иран нөхөр баригдаж л гэнэ, америкийн иргэн байдаг нь ч юу вэ дээ. Америкийн иргэн иран хүн гэдгийг та нэг бодоод үздээ. Түүнийг аль хэдийн хэдэн 10 удаа шалгасан гэсэн үг шүү дээ. Хэн нэгний бодож олсон тэр тусмаа АНУ-ын ерөнхийлөгч бодож олсон байлаа ч гэсэн шүүхийн шийдвэр заавал байх ёстой. Хүн гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийг шүүх ёстой. Харин одоохондоо энэ нь зөвхөн илтгэл, улс төр л байна» гэлээ. НҮБ-ын АЗ-ийн гишүүдийг өөртөө татахын тулд АНУ улс бүрийн байнгын төлөөлөгчтэй ганцаарчилсан зөвлөлгөөн хийлээ. Харин хамгийн итгэл муутай Москва, Бээжин хоёрын төлөөлөгчид рүү Иран улсыг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсныг батлах баримтуудтай шинжээчдийг явуулсан байна.Москвагийн байр суурь энэ тал дээр хөдөлбөргүй. Ямарч шийд гаргахын тулд баталагаатай нотлох баримт байх ёстой. Одоохондоо зөвхөн сэжиг  төдий л байна. Ямар нэг аргаар “цээрлүүлэх” яриа огт байж болохгүй.