Ази тивд 117 сая хүүхнүүд дутагдалтай байна. Ард иргэдийн асуудал хариуцсан НҮБ-ын  сан, Вьетнам улсын засгийн газраас Ханой хотод явуулж байгаа бага хурал дээр айдас төрөм энэ тоо баримтыг дурдсан байна. Хүн амын хамгийн нягт сууршилтай манай дэлхийн орнууд болох Хятад, Энэтхэг улсуудад эмэгтэйчүүд маш их дутагдалтай байна. Жирийн нөхцөлд эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүдээсээ илүү төрж байхаар байгал дэлхий зохицуулсан байдаг юм. Тэд 105:100 гэсэн харьцаатай байдаг юм. Харин 10 нас хүрэхдээ энэ харьцаа ижилхэн болдог байна. Хүн байгал дэлхийтэй буруу харьцсанаас болж энэ тоо өөрчлөгдсөөр байна. Сүүлийн 25 жил хүүхдийн хүйсийг урьдчилан мэдэж болох ЭХО-гийн технолог бий болсноос хойш Хятад, Энэтхэг улсуудын эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн харьцаа улам өссөөр байна. Энэ харьцаа Хятад, Энэтхэг улсуудад 120 эрэгтэй хүүхэд, 100 эмэгтэй хүүхэд байна. Вьетнамд 112:100 гэсэн харьцаатай байна.

   Хүйсийг урьдчилан мэддэг болсноос хойш эх эцгүүд “сонголтын үр хөндөлт” хийлэгдэг болжээ. Ази тивийн орнуудад эртнээс хүүг охидоос илүү үздэг байсан юм. Хүү гэдэг бол өв залгамжлагч, өтлөхөд өмөг түшиг, бурхан болсноос хойш сүнсийг сахигч гэж үздэг байна. Охин хүүхэд гэдэг тэр чигээрээ зарлага, сүй тавих, хуримын ажиллагаа, за тэгээд өөр айлын зарц болно гэсэн үг. Үнэхээр эвгүй сонсогдож байгаа биз. Эртний конфуцийн сургаалд “хэрвээ чи хүүтэй бол чи өв залгамжлагчтай гэсэн үг, хэрвээ чи арван охинтой бол оргүй хоосон гэсэг үг” гэж бичсэн байдаг юм. Хятадад “нэг гэр бүлд нэг хүүхэд” гэсэн бодлого явуулж байгаа тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ хүйсийг тогтоолгосны дараа хүүг үлдээж охидоос татгалзаж л таараа. Энэтхэг улсад 1994 оноос эхлэн эмнэлэгийн бус зориулалтаар хүйс тодорхойлохыг хориглосон бөгөөд 2003 оноос эхлэн ийм үйлдэл хийсэн эмчийг шоронд хорих хүртэл ял өнөөх болсон байна. Энэ хууль үйлчлэхгүй байна, учир нь хувийн эмнэлэгүүдэд 15-30 доллароор ирээдүйн хүүхдийнх нь хүйсийг тодорхойлсоор байна. Үүний үр дүнд Энэтхэг улсад өдөр бүр 2000 охин хүн болж чадахгүй байна. Иймэрхүү хууль Хятад, Энэтхэг улсуудад байгаа боловч та хүсэх юм бол ийм шинжилгээ хийх эмнэлэг захаас аваад олдоно.

    Хүйсийн тэнцвэр алдагдах нь маш их хор уршигтай ба ирээдүйд хүнд эрсдэл болж мэднэ гэж эрдэмтэд, эмч нар, нийгмийн зүтгэлтнүүд түгшүүрийн дохио өгсөөр байна. Үүнээс болж эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, “амьд бараа” худалдаалах зэрэг нийгмийн түгшүүртэй байдал бий болно. Францийн хүн ам судлаач Кристоф Гильмотогийн үзэж байгаагаар ойрын арван жил хүйсийн тэнцвэр хэвийн боллоо ч гэсэн хятад, энэтхэг эрчүүдийн сүйт бүсгүй олж авах хүндрэлтэй асуудал хэдэн арван жил үргэлжлэх болно. Хүйсийн тэнцвэрийг алдагдуулснаас болж шийдэх ёстой нийгэм эдийн засгийн олон асуудлууд бий болж байгаа ч хэргийн гол нь үүнд биш гэж хүн ам судлаач, улс төр судлаач Юрий Крупнов тэмдэглээд «Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг мэдэж авах, сонгон үржүүлэг хийнэ гэдэг үнэхээр гайхамшигтай боломж юм. Энд ёс суртахууны болон  дэлхийг үзэх үзэл гол  асуудал юм. Энэ асуудал бидний ахуйн үндэс суурийг хамарч байгаа юм. Хүний нийгэм өөрийн хамгийн гол эрх болох амьдрах эрхээ алдаж байгаа юм. Идэвхитэй сурталчилгаа явуулах ёстой шашны зүтгэлтнүүд энд баттай байр суурь эзлэх ёстой юм. Харин төр засаг эмэгтэйчүүдэд зориулсан тааламжтай нийгмийн нөхцлийг бий болгож тэдний эрхийг хамгаалах ёстой юм» гэлээ. Энэ аюулыг гүнээ ухамсарлаж үр ашигтай арга хэмжээ авсан Ази тивийн ганц улс бол Өмнөд Солонгос улс юм. 1991 онд энэ улсад 100 охинд 116 эрэгтэй хүүхэд төрсөн ба дараачийн жилүүдэд энэ харьцаа хэвийн болж эхлэсэн байна.