Энэ оны эцэс гэхэд Орос, Хятад улсуудын бараа эргэлтийн хэмжээ 70 тэрбум доллар болно. Бээжинд ажлын айлчлал хийж байгаа ОУ-ын засгийн газрын ерөнхий сайд В.Путин энэ тоо баримтыг дурдлаа. «Бид бараа эргэлтийн цоо шинэ түвшинд гарч байна. 2008 оны хямралын үед хамгийн дээд тал нь 56 тэрбум долларт хүрч байсан юм. Харин энэ жил бид 70 тэрбум долларт хүргэнэ бүр 80 тэрбумд ч ойртуулах боломж бий. 2015 он гэхэд манай хоёр орон  бараа эргэлтийг 100 тэрбум долларт хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна. Харин 2020 он гэхэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлнэ» гэж  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябаотой хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр В.Путин мэдэгдлээ.

   Хятад улс саяхан Герман улсыг хоёрдугаар байрт түлхэн ОУ-ын хамгийн том худалдааны түнш болсон юм. Харин хамтын ажиллагаа бүх салбарыг хамарч байгаа гэж В.Путин онцлон тэмдэглэсэн байна. Орос, Хятадын засгийн газруудын боловсруулсан ойрын ирээдүйн төлөвлөгөөг дэмжинэ гэдэгт бид танд найдаж байна гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзахдаа оросын ерөнхий сайд хэлсэн байна. Хоёр орны нефть хийн гэрээ хэлэлцээрийн асуудлыг ихэд сонирхож байгаа хятадын ОНХМХ-ийн төлөөлөгчидтэй В.Путин өчигдөр уулзсан байна. “Хийн хүрээн дэхь хамтын ажиллагаа тэргүүн зэргийн асуудал гэж би үзэхгүй байна. Тэргүүн зэргийн асуудал уламжлалт машин үйлдвэрлэл, нисэх хүчин, нисэх онгоц үйлдвэрлэл зэрэгт биш өндөр технологийн хүрээн дэх хамтын ажиллагаанд байх ёстой” гэж В.Путин хэллээ.

   Хятадын сэтгүүлчид ОУ-ын дотоод улс төрийн амьдралыг тэр дундаа В.Путин яагаад ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх болсныг сонирхолоо. «Одоогийн ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев бид хоёрын гаргасан шийдвэр  маш зөв шийдвэр. Учир нь ийм шийдвэр гаргаснаар удирдах систем суларч байгаа биш улам бэхжиж байгаа юм. Дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой манай орны маш хүнд хэцүү үеийг бид маш бага алдагдалтайгаар туулж чадсан учир бид сонгогчдын дэмжлэгт найдаж байна. Нийгмийн болон эдийн засгийн хүрээнд улс орныг хөгжүүлэх хамгийн дээд хэмжээний үр дүнд хүрэхийн тулд бид юу хийх ёстойг мэдэж байгаа юм» гэж В.Путин ярилаа. Уулзалтын үеэр ОУ-ыг ДХБ-д элсүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа. Путины хэлснээр үндсэн асуудлыг хэлэлцээрийн хүрээнд шийдсэн, ОУ-ыг тус байгууллагад элсүүлэх асуудал одоо улс төрийн талбар дээр гараад байна. «ОУ-ыг ДХБ-д элсүүлэх асуудал ерөнхийдөө шийдэгдсэн гэж би ойлгож байгаа, харин оросын эдийн засгийн зарим секторыг хамгаалах талаарх заавал байх ёстой хэлэлцээрийн стандартын нөхцлийн хувьд тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж байна» гэж ерөнхий сайд мэдэгдсэн байна. ОУ-ыг ДХБ-д элсэхэд тусалсан явдалд Хятад улсад оросын засгийн газрын тэргүүн талархал илэрхийллээ.