Дэлхийд томоохонд ордог Таван толгойн нүүрсний орд газрыг эзэмших тухай гадаадын комдпаниудтай хийж байгаа хэлэлцээрийг Монгол улсын засгийн газар сэргээж байна. Орд газрын баруун хэсгийг эзэмших хэлэлцээрээс 7-р сард гаргасан Япон, Өмнөд Солонгос улсууд энэ удаагийн хэлэлцээрт оролцох ба эхний хэлэлцээр энэ сард болно гэж америкийн “Wall Street Journal” сонин мэдээлсэн байна. 7-р сард зарласан тендерийн үр дүн шинжээчдэд ойлгомжгүй байсан ба уралдаанд оролцогчид ч гайхаж байсан юм. Ялагчдын дунд япон, солонгосчууд байгаагүй юм. ОТЗ компани тэргүүтэй консорциумд Сибирийн нүүрсний эрчим хүчний компаниас гадна өмнөд солонгосын 3, японы 4 компани орсон бөгөөд Таван толгойн баруун хэсгийг эзэмших тендерт өргөдлөө өгсөн юм. Харин хятадын Shenhua Energy компани энэ тендерт японы Mitsui компанитай цуг орсон юм. Тендерийн дүнгээр Shenhua Energy компани яагаад ч юм дангаараа оролцсон болж харин ОТЗ (РЖД) компани урьд өмнө нь байгаагүй орос, монголын консорциумд багтаж оролцсон болжээ.

    Парламентийн сонгуулийн өмнө Монгол улсын ашигт малтмалын баялагыг гадаадын компаниудад тараан өгч байгаад дургүйцсэн ард түмний уур хилэн өсөж байгаагаас болж тус улсын удирдлага монголын эдийн засгийн хувьд стратегийн ач хобогдолтой орд газрыг эзэмшихэд оролцож байгаа компаниудын тоог цөөрүүлхээр шийдсэн бололтой. Монгол улсын зах зээл дээрх том тоглогч болох Орос, Хятад улсуудтай гуравдах том хүч болох АНУ-ыг нэгтгэхээр шийдсэн бололтой. АНУ-ын Peabody Energy компани ч бас тендерийн ялагч болсон юм. Харин Япон, Солонгос улсууд үүнийг зүгээр орхисонгүй. Монгол улсын засгийн газрын шийдвэрийн талаар японы засгийн газар гомдол мэдүүлсэн байна. БН Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бакын Монгол улсад хийсэн айлчлалын үеэр энэ асуудлыг хэлэлцсэн байна. Төсөлд япон, солонгосын компаниудыг буцаах талаар хэлэлцээр хийхээр тус улсын засгийн газар шийдсэн байна. Энэ хэлэлцээр үр дүнгүй болох юм бол Таван толгойн зүүн хэсгийг эзэмших Эрдэнэс-Таван толгой улсын компанийн IPO-г явуулах ажил амжилтгүй болж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Энэ компани 2012 оны нэгдүгээр улиралд 3 тэрбум долларын хувьцаагаа Лондон, Гонконг, Улаанбаатарт зэрэг байрлуулахаар төлөвлөөд байгаа юм.

   Япон, Солонгосын компаниудтай хийх хэлэлцээр хэдэн сар ч үргэлжилж мэднэ. Ямар ч байлаа гэсэн 6,5 тэрбум тонноор үнэлэгдэж байгаа дэлхийд томоохонд орох нүүрсний орд газрын хувь заяа 2012 оны 6-р сард болох парламентийн сонгуулийн өмнө шийдэгдэх байх. Таван толгойн нөхцөл байдалд дотоод улс төрийн хүчин зүйл, монголын нүүрсний бялуунаас өөрийн хувийг хүртэх гэсэн гадаад гүрнүүдийн дарамт зэрэг гадаад хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж улс төр судлаач Владимир Родионов үзэж байна.Тэрээр  «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагад хэлэхдээ: «Монгол улсын ашигт малтмалын зах зээлийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Хятад улс ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Тэгэхдээ л Хятад бол тэдний гол хэрэглэгч юм. Монголын нийгэм дэх хятадын эсрэг үзэл санааг тооцож үзвэл энэ нь монголчуудын хувьд хамгийн муу хувилбар юм. Үнэхээр тус улсын тусгаар тогтнолын аюул нь Хятад улс юм. Ийм учраас тус улсын эдийн засгийн хөгжилд тус болоход бэлэн байгаа өөрийн түншүүдийнхээ хүрээг өргөжүүлэх нь Монгол улсын хувьд амин чухал юм» гэлээ. Ийм түншүүдийн нэг нь азийн улсуудаас гадна ЕХ-ны улсууд юм. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 10-р сарын 13-нд Монгол улсад айлчлах үеэрээ Герман улсад ховор металл нийлүүлэх болон түүхий эдийн тал дээр хамтран ажиллах томоохон гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Мөн Таван толгойн зүүн хэсгийг эзэмшихэд германын бизнесийг оролцуулах тухай гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.