Улс төрийн бодлогоос ихээхэн шалтгаалдаг байдал  дэлхийн эдийн засагт  тулгамдсан гол асуудал боллоо. Гаднын нөлөөнөөс ангижруулах шинэтгэл олон улсын эдийн засгийн бүх байгууллагад шаардагдаж байна гэж америкийн нэр хүндтэй эдийн засагч Энн Крюгер «Оросын дуу хоолой» радиод  ярилцлага өгөхдөө мэдэгдэв. 1980-д онд Энн Крюгер Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч, 2000 оны эхээр Олон улсын валютын сангийн захирлын нэгдүгээр орлогч зэрэг албыг хашиж байсан юм. Тэрээр одоо Пол Нитцийн нэрэмжит Олон улсын судлалын сургуульд багшилж байна. Өнөөдөр түүнийг дэлхийн хамгийн нэр хүндтэй эдийн засагч хэмээн үздэг.

   Одоогоор дэлхийн нэг ч валют доллартай өрсөлдөж чадахгүй гэж Энн Крюгер мэдэгдээд «Доллар байр суурь нь суларсан ч урьдын адил үндсэн валют хэвээр байна. Учир нь түүнийг орлох валют алга. Хэн нэгэн ийм хүчин зүйлийг харгалзан хөрөнгөө доллараас евро юмуу йенд шилжүүлэхийг хүсэхгүй бололтой. Эдүгээ долларын байр суурь тогтвортой байна. Ийм тогтвортой өөр валют үгүй. Магадгүй фунт стерлинг, австралийн долларыг нэрлэж болох байх. Хятад улс тогтвортой валюттай болохыг эрмэлзэж байна. Гэвч энэ зорилгоор валютаа хөрөвдөг  чадвартай болгох хэрэгтэй. Ийм боломж одоогоор алга» гэлээ.

   Хятад улс улс төрийн шалтгаанаар олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ түвшинд гарахгүй байна. Улс төр европын орнуудын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд саад болж байна. Эдийн засгийн нэгдсэн орон зайн зарчмыг хөндөлгүй гишүүн орнуудад илүү өргөн эрх чөлөө олгох  шинэтгэл ЕХ-д шаардагдаж байна. «Ямар нэг улс харилцахаас бүрэн татгалзаж чадахгүй бололтой. Улс бүр ямар нэг хэмжээгээр харилцаанд татагдан оролцож байна. Еврогийн бүс дэх Валютын холбооны хүрээнд улс орнууд мөнгө хөрөнгийн ба  мөнгө хөрөнгө солилцох  бодлого биеэ дааж явуулж чадахгүй байгаа нь саад учруулсан» гэж Энн Крюгер хэллээ.

    Түүний хэлснээр  Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх хэрэгтэй. Байгууллагад элсүүлэх журмыг аль болохоор хялбарчлах нь зайлшгүй чухал. Тэгснээр улс төрөөс ДХБ-д үзүүлэх нөлөөг багасгаж болно. Орос улсыг байгууллагад элсүүлэх асуудлыг хэт удаан шийдвэрлээгүй явдал үүний тодорхой жишээ болж байна. Эдийн засгийн хувьд оросын эдийн засаг, худалдааны чадавхи ДХБ-д чухлыг бүгд ойлгож байна. Гэвч улс төрийн шаардлага уг үйл явцыг саатуулсаар  байна. Орос Гүржийн хоорондын хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт үр дүнд хүрээгүйг дурдая. Гүрж улс ОХУ-ыг ДХБ-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа уг байгууллагын гишүүн цорын ганц улс юм.