Хятадад хийсэн Синьхайн хувьсгалын 100 жилийн ойг 10-р сарын 10-нд тэмдэглэнэ. Хувьсгалын үр дүнд анхны Бүгд найрамдах улс Азид бий болсон билээ. Тэртээх БН Хятад улсыг бид  залгамжласан гэж Тайваны засаг захиргаа үзэж байна. Арлын ардчилсан сонголт ба эх газрын улс төрийн шинэтгэлийн хэтийн төлөвийг «Ороын дуу хоолой» радиогийн сурвалжлагч Тайбэй-Москвагийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг зохицуулах комиссын төлөөлөгчдийн  газрын тэргүүн Чэнь Зюньсянтэй  хөндөн ярилцлаа.Даваа гаригт Тайбэйд цэргийн парадыг оролцуулан  өргөн цар хүрээтэй баяр ёслол болно. 70 сөнөөгч нисэх онгоц, байлдааны нисдэг тэрэг, ачаа тээврийн нисэх онгоц Тайбэйн төвийн дээгүүр нисч өнгөрнө. Энэ нь Ма Инзю тэргүүтэй Гоминьдан намын шинэ засаг захиргаа 2008 онд засгийн эрхэнд гарснаас хойш аралд болох анхны парад билээ. 100 жилийн ой «Хоёр арван» гэдэг уламжлалт баярыг шинэ өнгө аястай болгоно. Синьхайн хувьсгалын энэ удаагийн ой тайваны ард түмэнд ямар ач холбогдолтой вэ? гэсэн асуултаар ноён Чэнь Зюньсянтэй яриагаа эхлүүллээ.Тэрээр хэлэхдээ: «Энэ онд тэмдэглэх БНХУ үндэслэн байгуулагдсаны 100 жилийн ой бидэнд онцгой чухал юм. Эдгээр 100 жилийн дотор БНХУ-д багагүй саад бэрхшээл тулгарсан ч ардчилсан либерал цэцэглэн хөгжиж буй нийгэм бүтээн байгуулсан юм. Бид БНХУ  үндэслэн байгуулах тухай Сунь Ятсений үзэл санааг бүрэн хэрэгжүүлсэн» гэлээ.

     Москвад бид Тайбэй-Москвагийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг  зохицуулах комиссын төлөөлөгчдийн газрын  тэргүүнтэй Орос, Тайванд явагдаж буй улс төрийн үйл явцыг хөндөж ярьлаа. Орос, Тайван хоёрт ардчилсан өөрчлөлт гаргах  үйл явц бараг нэг зэрэг эхлэв. Талуудын туулсан зам ямар нийтлэг ба онц талтай байна вэ? Чэнь Зюньсянь хэлэхдээ «Үнэхээр Тайван, Орос хоёр ардчилсан өөрчлөлт гаргах үйл явцыг бараг нэг зэрэг эхлүүлсэн. Хоёр орны иргэд  ерөнхийлөгч,парламентын гишүүдийг санал хураалтад оролцож сонгож байгаа нь нийтлэг тал юм. Онцлогийн тухайд гэвэл Орос улсад парламентын гишүүдийг тэнцүү төлөөлөгчдийн системээр  сонгож байхад Тайванд олонхи гишүүнийг  шууд санал өгөн сонгож байна. Түүнээс гадна арлын уугуул хүн амын төлөөлөгчид байнга зургаан суудалтай. Түүнчлэн хэд хэдэн эмэгтэй улс төрч сонгогдох ёстой.Харин ОХУ-ын ерөнхийлөгч муж хязгаарын  засаг дарга, томоохон хотын захиргааны дарга нарыг томилж байхад Тайванд хотын захиргааны даргыг  оршин суугчид нь сонгодог» гэв.

     Бидний сүүлчийн асуултыг ноён Чэнь Зюньсянь хамгийн сонирхолтой хэмээн үзлээ. Бид БНХУ үндэслэн байгууллагдснаас хойш он тоолож буй уламжлалт хуанлиг сонирхож асуусан. Тайваны хүн ам ямар учраас чухам энэ хуанлиг мөрдөж байгааг Тайбэй-Москвагийн  эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны зохицуулах комиссын төлөөлөгчдийн газрын тэргүүн  хөндөн хэлэхдээ «Тайванд БНХУ үндэслэн байгуулагдсан өдрөөс буюу «БНУлс үндэслэн байгуулагдсан жилээс» он тоолож байна. Энэ нь Тайваны хоолойн хоёр  эргийн хоорондын  энх тайван тогтвортой харилцааны ноён нуруу болсон. 1992 онд талууд «Нэг Хятад-хоёр тайлбар» гэх талаар зөвшөлцсөн. БН Хятад улс Тайваны  хувьд нэг Хятад, БНХАУ эх газрын Хятадын хувьд  нэг Хятад улс юм. Тусгаар тогтнож, эх газрын Хятад улстай цэргийн мөргөлдөөн үүсгэхээс сэрэмжлэхийн тулд  Тайван Миньго хуанли хэрэглэж байна. Иймээс олон нийт түүнийг дэмжиж байна. «Нэгдэл үгүй, тусгаар тогтнол үгүй, хүч хэрэглэх хэрэг явдал  үгүй» гэдэг тайваны үзэл баримтлалын үндсэн дээр  мөн хуанли 100 бүр түүнээс олон жил оршино гэдэгт найдаж байна» гэлээ.