Сири улсад Башар Асадын дэглэм өөрийн ард түмнийхээ эсрэг үйлдэж байгаа хэлмэгдүүлэлтийг зогсоохын шаардсан оросын удирдлагуудын мэдэгдлийг АНУ-ын Төрийн департамент дэмжиж байгаа ба тус улсад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг арга хэмжээнд нэгдэхийг Москвад уриаллаа. Төрийн департаментийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Виктория Нуланд өчигдөр шуурхай хурал дээр Москва албан ёсны Дамаскт шахалт үзүүлэх арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна гэж мэдэгджээ. Энэ тухай өнөөдөр Интерфакс агентлаг уламжиллаа. ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн Сири улс шинэчлэлт өөрчлөлт хийх ёстой гэж хэлснийг тайлбарлана уу гэсэн асуултанд тэрээр хариулахдаа “хэрвээ оросын удирдлагууд дэглэмийг хүчирхийлэлээ зогсоохыг уриалж байгаа бол энэ нь маш сайн хэрэг” гэж мэдэгдсэн байна. Хэрвээ шаардлагатай өөрчлөлтийг хийж чадахгүй бол сирийн удирдлагууд огцрохоос өөр аргагүй болно гэж ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев баасан гаригт мэдэгдсэн юм. “ОУ бусад улсуудаас дутахгүйгээр Сири улсад цус урсгалтыг зогсоохыг хүсэж, шаардлагатай өөрчлөлт хийхийг сирийн удирдлагуудаас шаардаж байна. Бид өөрсдийнхөө холбоо харилцааг ашиглан сирийн удирдлагатай идэвхитэй ажиллаж байна гэж” ОХУ-ын АЗ-ийн хуралдаан дээр Д.Медведев мэдэгдсэн юм. Шийдвэрийг НАТО ч биш европын аль нэг улс ч биш Сири улсын удирдлага, сирийн ард түмэн гаргах ёстой гэж оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.