Кемерово мужийн Таштагольд гоминолог буюу алмас судлалын олон улсын бага хурал ажлаа эхэллээ. Уулын Шориид АНУ, Канад, Монгол, Швец, Эстони, Хятад зэрэг улсуудыг оролцуулан дэлхийн бараг бүх улсуудаас эрдэмтэд хуран цугларсан байна. Тэдний дунд Монгол улсын шинжлэх ухааны академийн Палеонтлогийн хүрээлэнгийн захирал Речингийн Барсболд байна. Оросын төлөөлөгчдийг Алмас судлалын олон улсын төвийн захирал Игорь Бурцев тэргүүлж байна. Бага хурал дээр үг хэлсэн эрдэмтэд өөрийн оронд байдаг алмасын тухай итгэл үнэмшилтэй баримтуудыг дурдаж байлаа. “Цасны хүний” байдал газар зүйн байрлалаас ихээхэн шалтгаалдаг гэж Бурцев үзэж байна. Сибирийн “ах дүү нараа” бодвол хойд америкийн алмасууд хүнээс айдаггүй, хүмүүстэй дуртайяа харьцдаг байна. Цасны хүн видео техникийг сайн мэдэрдэг учраас тэднийг видео камерт буулгаж авах аргагүй гэдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байна. Уулын Шориид “цасны хүн” амьдарч байж болохуйц газруудаар эдгээр эрдэмтэд хоёр өдрийн аялал хийхээр өнөөдөр гарсан байна. Уулын Шориид 2010 оноос “цасны хүний өдөр” гэдэг баярыг албан ёсоор тэмдэглэх болжээ. Кемерово муж болон Уулын Алтайн залгаа хүн хүрэхэд хэцүү нутагт “цасны хүн” өсөж үржин амьдарч байж магадгүй гэж оросын болон гадаадын нэр хүнтэй эрдэмтэд үзэж байгаа юм. Тэд 30 орчим тоо толгойтой байх гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.