Ойрын жилүүдэд Орос улс хэрэглээний хувьд Европын томоохон жижиглэн худалдаалах зах зээл болох бүрэн боломжтой гэсэн дүгнэлт британийн Financial Times сонины ОХУ-д хөрөнгө оруулалт сэдэвт  сурвалжлагыг бэлтгэсэн шинжээчид хийжээ. Эдүгээ гадаадын аль ч хөрөнгө оруулагч  зөв стратегиэ сонгож авбал зах зээлийн үлэмж хэсгийг эзлэж, их хэмжээний ашиг олж чадна гэж «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан олонхи шинжээч үзэж байна. Орос улс ба түүний эдийн засгаас ашиг олгох боломжийг судлаж байгаа өрнөдийн хөрөнгө оруулагчид хэрэглээний хүрээнд анхаарвал  илүү зохимжтой. Манай оронд хэрэглээ хүн амын бодит орлого өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн  өсөж байгааг салбарын зөвлөгчид тэмдэглэж байна. Бодит орлого жилд бараг 4 хувьд хурлээ. Хамгийн гол нь хэрэглээний бүтэц өөрчлөгдөж байна. Худалдан авагчид  юуны түрүүнд үнэ биш харин бараа бүтэгдэхүүний чанар, брендийг харгалзан үзэж байна. Хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн талаархи шинжээч Мария Катаранова тайлбарлан хэлэхдээ «Бараа бүтэгдэхүүний хэрэглээ  хүн амын амжиргаа сайжрах тусам өсөн нэмэгдэнэ. Манай зах зээл хөгжиж байна. Хүн амын нэг хэсэг нь орлого  нэмэгдэх тутам хэрэглээгээ өргөжүүлнэ. Энэ нь үйлдвэрлэгчдийн сонирхол татах зах зээл»  гэлээ.

       Ингээд  худалдан авагч чухам ямар дэлгүүрээр  үйлчлүүлэх вэ? гэсэн асуудал одоо тулгарч байна. Худалдааны төв, том том дэлгүүр Москва, Санкт-Петербург болон оросын бусад хотод барьсаар байгаа нь зах зээл бараа бүтэгдэхүүнээр бүрэн дүүрэн хангагдаагүй байгааг гэрчлэн харуулж байна гэж «КапиталЪ  хөрөнгийн удирдлага» компанийн ерөнхий захирал Андрей Гриценко хэлээд «Зах зээлийг бараа бүтэгдэхүүнээр бүрэн хангаагүй байна. Москвад сүлжээ дэлгүүрүүд хүн амын 20 гаруйхан хувийг хамарсан. Бусад нь  олон янзын түвэг бэршээлийг даваж байгаа жижиг дэлгүүрүүд юм. Сүлжээ дэлгүүрүүд олширч, хэрэглэгчдэд үйлчилж, хилийн чанадад байгаа хөрөнгөө нааш нь татвал байдал нэлээд сайжрана» гэв.

     Эдүгээ «Магнит», «Икс 5», «О-Кей» зэрэг оросын компани жижиглэн худалдаалах зах зээлийн томоохон этгээдүүд болсон. Үүний хамт «Ашан», «Метро» зэрэг гадаадын тэргүүлэх компаниуд идэвхтэй ажиллаж байна.Тухайлбал «Метро» эхлээд бөөний худалдааг хөгжүүлж байсан хийгээд одоо орон сууцнаас холгүй оршдог дэлгүүрийн сүлжээг  байгуулах төлөвлөгөөтэй байна. «АТОН» хөрөнгө оруулалтын компанийн тэргүүлэх шинжээч Иван Николаевын хэлснээр зах зээл бүгдэд хүрэлцээтэй байна. Гадаадын шинэ этгээд зах зээлд гарах нь дамжиггүй. «Манайд Топ-5 компаниуд зах зээлийн 15 хувийг хяналтдаа авсан. Харин боломж маш өргөн байна. Хөгжингүй орнуудад, тухайлбал Канад буюу АНУ-д Топ-5 зах зээлийн тэн хагасыг, Франц буюу Финландид 80-90 хувийг хяналтдаа авчээ. Манай зах зээлийг нэгтгэн нягтруулах хэрэгтэй. Орчин цагийн хэлбэр  хөгжингүй орнуудад 80-90 хувь эзлэж байхад Орос улсад дөнгөж 40 хувь эзлэж байна. Иймээс нэмэлт этгээд манай зах зээлд орж  зохих байр эзлэх боломжтой» гэж Николаев хэллээ. Бараа бүтэгдэхүүн үйлдвэрлэгчид ч үйл ажиллагаагаа улам бүр идэвхижүүлэв. Орос улс манай компанийн хувьд худалдааг хэд дахин нэмэгдүүлэх боломж олгож буй тэргүүлэх зах зээл гэж германы Хенкель нэгдэл мэдээллээ. Мөн түүнчлэн америкийн PepsiCo Орос улсад байр сууриа бэхжүүлэхээр жүүс, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Вимм-Биль-Данн, Coca Cola «Нидан», францын Danone «Юнимилк» компанийг тус тус худалдан авчээ. Өөр олон компани ч үйлдвэрлэлээ идэвхтэй хөгжүүлж байна. Тэгснээр бүтээгдэхүүний  өөрийн өртөгийг хямдруулж, худалдан авагчдад улам  бүр ойртож эцэст зах зээлд зохих байр эзлэж, өндөр ашиг орлоготой байх болно.